Дорнод аймгийн ИТХ өнгөрөгч баасан гаригт хуралдаж, Сосорбарамын Ганбатын нэрийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт уламжлахаар болсон байна. Уг нь тус аймагт МАН олонх ч ИТХ-ын хуралдааны үеэр Ардын намын бүлэг завсарлага аван хэлэлцсэний эцэст нэр дэвшүүлээгүй байна.
Харин ИТХ дахь АН-ын бүлгээс Д.Цэрэнчимэг, С.Ганбат нарын нэрийг оруулсан аж. Хуралдаан эхлэх болоход аймгийн АН-ын хорооны дарга Д.Цэрэнчимэг танхимд орж ирэлгүй, хүнээр дамжуулан нэг цагийн завсарлага авах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Үүнтэй холбоотойгоор ИТХ дахь намын бүлэг л завсарлага хүсэх эрхтэй, аймгийн намын байгууллага, хувь хүн ийм эрхгүй хэмээн нэлээд маргалдсаны эцэст Д.Цэрэнчимэгийн хүсэлтийг хүлээж авалгүй, санал хураалт явуулсан байна.
Санал хураалтын дүнгээр 29 төлөөлөгчөөс 26 нь С.Ганбатын төлөө гар өргөсөн байна. С.Ганбат нь Зүүн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байсан юм байна.
Б.НОМИН