Олонх сөрөг хүчний шахалтад зарим талаар буулт хийжээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах тухай сөрөг хүчнээс өргөн барьсан тогтоолын төслийн шийдвэр хэдийнэ тодорхой болсон. Гэвч олонхийн бүлэг сөрөг хүчингүйгээр шийдвэрээ баталгаажуулж түвдсэнгүй. Пүрэв гаригийн чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авахдаа МАН-ынхан хурууны хээгээр ирц бүртгэх төх өөр өмжөөр шалтагласан юм. Үүний дараа АН болон “Шударга ёс” эвслийн бүлэг хамтран мэдэгдэл хийж, “Асуудлыг долоо хоногт багтаан шийдэх хуультай. Тиймээс баасан гаригийн үдээс хойш гэхэд МАН-ынхан чуулганы хуралдаанд орж ирэхгүй бол олонх асуудлаа хэлэлцэж шийднэ” гэж мэдэгдсэн. Гэхдээ тэгсэнгүй. “Хүч түрдэг, коммунист арга барилтай, сөрөг хүчнээ сонсдоггүй” гэсэн ялд унахыг хүсээгүй бололтой. Сөрөг хүчний авсан завсарлагын хугацаа маргааш дуусна. Энэ өдөр чуулганы хуралдаан зарлаж, завсардсан асуудлуудаа үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон байна.
ТЕГ-ЫНХАН ТӨХӨӨРӨМЖ “OK” ГЭЖ ДҮГНЭЖЭЭ
Монголын бараг бүх байгууллагад хэдэн жилийн турш ашиглаж буй хурууны хээгээр ирц бүртгэх туршилт УИХ дээр ирээд томоохон эсэргүүцэлтэй тулсан. Эрчүүд нь “yes”, бүсгүйчүүд нь “no” товчлуур дарах туршилтад төхөөрөмж будилсан юм. Танхимд байсан 10 эмэгтэйн долоогоос бусад нь “хүйсээ сольсон” дүн гарсан. Хэдийгээр сайд нарыг огцруулах асуудлыг гар өргөх гэх мэт олон аргаар шийдэж болох байсан ч МАН-ынхан “Үүнийг шалгаж нягталсны дараа болно” хэмээн зөрүүдэлсэн. Чуулган завсарламагц Тамгын газрын техникийн хэлтсийнхэн төхөөрөмжөө шалгаад “Хэвийн болсон” гэж үзсэн ч тэд итгэсэнгүй. Улмаар ТЕГ-т хандан төхөөрөмжийг шалгаж өгөхийг хүсэв. ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын хэлтсийн баг хоёр цаг гаруйн турш чуулганы танхимд ажиллаад “Санал хураах систем, төхөөрөмж бүгд хэвийн, гаднаас сэжигтэй холболт илрээгүй” гэсэн албан ёсны дүгнэлт гаргасан байна лээ.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын микрофон ажиллаагүй тухайд “Микрофоныг задалж схем, чип бүр дээр хэмжилт хийж үзэхэд CD4066B маркийн аудио сэлгэн залгалт хийдэг чип статик цэнэгийн улмаас шатаж, яриа гадагшаа гарахгүй болсон байжээ. Бусад зориулалтын схем техник болон чипийн ажиллагаа хэвийн” гэж дүгнэжээ. Хэн нэг нь зориуд сөрөг хүчний Бүлгийн ахлагчийн микрофоныг эвдэж, аюулгүй байдалд нь халдсан юмгүй аж. Энэ шалгалтын үеэр МАН-ынхан болон Тамгын газрын ажилтнуудын төлөөлөл байлцсан юм билээ. Ө.Энхтүвшин, С.Бямбацогт нарын картыг уншуулж туршихад ч санал хураах төхөөрөмж хэвийн байжээ.
ЗҮГЭЭР Л ШАЛТАГ
Шалгах ажиллагаа пүрэв гаригийн 17.40 минутад дуусаж, техникт тохсон эргэлзээг нь арилгасан ч МАН завсарлагаа дуусгахыг хүссэнгүй. Мөн тэд “Дэгийн тухай хуулийн төсөл өргөн барьчихаад түүнийгээ батлаагүй байхад ирцэд бүртгэгдсэн дарааллаар асуулт тавьж, санал хэлүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн шүүмжилсэн. Уг нь энэ бол байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал. УИХ-ын дарга, Тамгын газар хуралдаан зохион байгуулах, ирцээ бүрдүүлэх эрх, үүргийн хүрээнд л шийдэх хэмжээний асуудал юм. Хэрэв МАН-ын адилаар байгууллагын албан хаагчид “Хуулиа баталж байж ирц бүртгэ, хоцорсон, тасалснаа торго” гээд унавал байдал ч хүндрэх бололтой. Юутай ч Тамгын газар сөрөг хүчинд буулт хийж, “Дэгийн тухай хуулийн төслийг баталтал ирцийн дарааллаар асуух, санал хэлэх зохицуулалтыг хойшлуулъя” гэдгээ мэдэгдсэн. Төхөөрөмжийг шалгаад асуудалгүй болчихлоо, шүүмжилсэн зохицуулалтыг нь хууль баталтал хэрэгжүүлэхгүй гэлээ. Гэвч МАН завсарлагаа цуцалсангүй, “гүрийв”. Энэ нь хурууны хээ унших төхөөрөмж зүгээр л цаг хожих шалтаг байсныг баталж байна.
ХЭН АЖИЛЛАДАГ, ХЭН ТАСАЛДАГ НЬ ИЛ БОЛОХООС АЙВ УУ
Үүний ард байгаа шалтгаан юу вэ. УИХ-ын гишүүд хуулиар олгосон тусгай бүрэн эрхтэй. Гэхдээ энэ эрхэд нь ажлаа хүссэн үедээ тасалж, хоцорч болно, тэгээд хариуцлага тооцуулалгүй өнгөрнө гэсэн заалт лав байхгүй. Харин зарим нь УИХ-ын гишүүн болсноо үнэхээр “хуулийн дээр гарсан” гээд ойлгочихдог бололтой. Тийм биш, хуулийн өмнө дарга, цэрэггүй тэгш эрхтэй, хариуцлага хүлээх ёстой гэдгийг нь сануулах дээрх алхам тэдний хэн гэдгийг илчлэх гээд байгаагаас айжээ. Байнга гадагш, дотогш явдаг, ажлаа санаатай, санаандгүй тасалдаг, хоцордог, хувийн зохион байгуулалт муутай гишүүд л үүнд эмзэглэж байгаа болов уу. Хурууны хээгээр ирц бүртгээд эхэлмэгц ажлын цагаас хэн хэдийг нь тасалж, хоцорсон нь аяндаа тодорхой болно. УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийг байнга мэдээлдэг. Одоо тэр ерөнхий мэдээлэл тасалсан, хоцорсон цаг минуттай нь нарийн гарах биз. Сонгогчдодоо хариуцлагагүй хүн гэдгээ илчлэхээс айж байна л гэж үүнийг тайлбарлая. АН-ынхны хувьд ч тасалдаг, хоцордог хүн цөөнгүй. Гэхдээ тэд олонхийн шийдвэрээ дагаж, ажилдаа хариуцлагатай хандах ёстойгоо ухамсарлах биз.
Гагцхүү С.Баярцогт гишүүн л бараг долоо хоногт нэг удаа гадагшаа явдгаараа МАН-ынхантай эмзэглэл нэг байгаа. Үр дүн нь тодорхой асуудал оруулчихаад, ямар ч амжилтгүй улс төр хийх нь сөрөг хүчний арга байх ёсгүй. Тооцоогүй байсан учраас тэдний алхам буруу хөлөөсөө эхэлж, буруу үргэлжилж буй нь энэ. Буруу алхам хийх зуураа тэд дараагийн аргаа бодох цаг хожихыг хичээжээ. Олонхийн хийж буй бүхнийг хараар будах нь бас л сөрөг хүчний хийх ажил биш. Тэд болж буйг нь дэмжээд, болохгүйг нь судалгаатай, бодитой аргаар няцааж байх үүрэгтэй. Гэвч МАН сул улс төр хийж ханахгүй юм. Олонх хоёр сайдаа аваад үлдмэгц тэд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг огцруулах асуудал оруулах сураг чих дэлсэв. Завсарлагын хугацаанд бодсон “гарц” нь энэ юм болов уу даа.