Дундговь аймагт АН, МАН хоёр дайтаж, бие бие рүүгээ ээлжлэн гал нээж байна. Угийн дайны байдалтай байж, бүтэн жилийг бие бие рүүгээ муухай харж өнгөрөөсөн энэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-наас дайнаа эхлүүлсэн юм. АН-ын 13 гишүүн ИТХ-ын дарга С.Буджавыг хурал даргалах эрхээ өг хэмээн шахсаар эрхийг нь С.Дэжидэд өгүүлсэн. Энэ нь АН-ынхны цөөн “цэргийн” хүчээр ялалт байгуулах гол тактик байжээ. Учир нь С.Буджав МАН-ын гишүүн, энэ намаас ИТХ-д сонгогдсон. С.Буджавыг байгаа цагт С.Сүхбаатарыг огцруулна гэдэг бүтэшгүй зүйл гэдгийг АН-ынхан 13 удаагийн оролдлогынхоо эцэст ойлгожээ. Тиймээс сарын өмнө аргаа өөрчилж, С.Буджавын эрхийг С.Дэжидэд түр шилжүүлүүлж байгаад “Шударга ёс” эвсэл, бие даагч хоёр гишүүнтэй хамжин огцруулсан. С.Сүхбаатар өөрийг нь огцруулсан тэр өдөр Ш.Энхбат (АН-ын гишүүн)-ыг Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, АН-ынхны өөдөөс хариу гал нээсэн билээ.
АН-ынхны зарлаагүй эхэлсэн дайнд хамгийн түрүүнд шархадчихсан С.Сүхбаатар хариу гал нээхдээ байгаа сайн харалгүй алдаа гаргав. Тэрбээр орлогчоо халахдаа ИТХ-ын тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй. Энэ алдааг нь долоо хоногийн дараа арванхоёрдугаар сарын 2-нд ИТХ-ын тэргүүлэгчид хуралдан залруулж, Ш.Энхбатыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Үүнээс гадна Ш.Энхбатыг халсан бас нэг үндэслэл бий аж. Түүнийг 2013 оны гуравдугаар сарын 4-нд Засаг даргын орлогчоор томилжээ. Уг нь түүнийг уг албан тушаалд томилохын өмнө ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь Авлигатай тэмцэх газарт илгээж, хянуулах ёстой байтал томилсныхоо дараа явуулсан байна. Тиймээс АТГ “Ш.Энхбатыг Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор нэгэнт томилчихсон байгаа тул мэдүүлгийг нь хянах боломжгүй. Энэ зөрчлийг арилга” гэсэн хариу өгчээ. АТГ-ын шаардлагаар Ш.Энхбатыг тухайн үед Засаг даргын орлогчийн албан тушаалаас нь халж, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг нь хянуулах ёстой байв. Гэтэл С.Сүхбаатар тэгээгүй аж.
Ашиг сонирхлын зөрчилтэй эсэх нь мэдэгдэхгүй хүнтэй найман сар гаруй хамтарч ажиллачихаад гэнэт өөрөө огцрохдоо тулмагц АТГ-ын шаардлагыг гэнэт санаж, биелүүлснийг өшөө авах гэсэн өөдгүй хэрэг гэж үзэхээс өөрөөр юу гэх вэ. Ш.Энхбатын оронд арванхоёрдугаар сарын 4-нд П.Цолмонбаатарыг томилоод байхад нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг С.Сүхбаатарыг огцруулах тухай Дундговь аймгийн ИТХ-ын тогтоолыг ёсоор болгож, АН-ынхандаа нэмэлт хүч, баттай ар тал болж өгсөн. Үүний дараахан тус аймгийн ЗДТГ-ын дарга О.Чулуунбатын шийдвэрээр байгуулсан Ажлын хэсэг Засаг даргын шинэ орлогчид энэ сарын 11-нд ажлыг нь хүлээлгэж өгчээ. Энэ үед Ш.Энхбат түүнтэй ажлаа хүлээлцээгүй аж. Тэрбээр С.Сүхбаатарын өөдөөс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэмээх танкаа дахиад илгээжээ. Танк мэдээж МАН-ынхныг хуйхалж өгөв. Засаг даргын шинэхэн орлогч П.Цолмонбаатарыг ажлаа аваад хоёрхон хонож байхад нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг С.Сүхбаатарын захирамжийг хүчинг үй болгож, Ш.Энхбатыг буцаагаад Засаг даргын орлогч болгожээ.
Дундговь аймгийн ИТХ-ын IX хуралдаан энэ сарын 20-нд болно. Энэ хуралдаанаар аймгийн шинэ Засаг даргыг сонгоно. Нэгэнт Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ аймгийн МАН-ын гишүүнчлэлтэй Засаг даргыг огцруулж, АН-ын гишүүн орлогчийг нь буцаагаад залчихсан болохоор одоо Дундговийг өөрийн намын хүнээр удирдуулахаар цээжний хонжоо хийж суугаа биз. Дундговийн МАН-ынхан Хөвсгөлийнхөн шигээ ажиллаж чадах болов уу, Дорнодын МАН-ынхан шиг Засаг даргын суудлаа тавиад туучих нь уу гэдэг нь энэ аймгийн ИТХ-д суудалтай МАН-ын төлөөлөгчид хэр улстөрч вэ гэдгээс хамаарна.
Х.БОЛОРМАА