Дархан-Уул аймгийн АН-ын хороо, түүний удирдлага зохион байгуулалтыг шинэчлэх зорилгоор байгуулагдсан “Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөн”-ийхөн намынхаа төв байранд суулт зарлаад 13 хонож байна. Анх 31 хүн суултад оролцож байсан бол өчигдрийн байдлаар найман хүн л байлаа. Учир нь тус хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар тэргүүтэй зарим нь өнгөрөгч 20-ны өдрөөс Дархан-Уул аймагт тэмцлээ үргэлжлүүлэхээр явсан аж. Тэднээс зургаа нь бямба гаригаас эхлэн өлсгөлөн зарлаад байгаа юм байна.
Өлсгөлөн зарласантай холбоотойгоор АН-ын орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга Э.Батсуурь хөдөлгөөнийхөнтэй уулзсан ч тэдний шаардлагад тодорхой хариу өгөөгүй аж. Мөн өчигдөр Дархан-Уул аймгийн АН-ын хорооны хуралдааныг Улаанбаатар хотоос намын удирдлагуудын зүгээс зарлаад байлаа. Тус хөдөлгөөнийхөн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьд шаардах бичиг хүргүүлж, хариуг нь энэ сарын 1-нд авах байсан юм. Тэд тус намын хорооны удирдлагуудын хууль бус томилгоог цуцалж, намын хорооны гишүүдийг сонгох сонгуулийг яаралтай хийхийг шаардаж буй.