Дорнод аймгийн шинээр томилогдсон Засаг дарга С.Ганбат өчигдөр тамгаа гардан авч, албан ёсоор ажилдаа орлоо. Энэ мэтээр засаггүй аймгуудын замбараагүй байдал цэгцэрвэл сайнсан. Гэвч Дорнодод С.Ганбатаас өмнө Засаг дарга болох гээд Ерөнхий сайд Н.Алтанхуягаас “томилолт” авч чадаагүй М.Бадамсүрэн зүгээр, тэр чигтээ явчихсангүй. Засаг даргын суудлаас атгаад буцсан М.Бадамсүрэнгийн баримт, намтар бас бус аймгийг Засаг даргагүй болгох хэмжээнд хүртэл хүч аваад байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай Монгол Улсын хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг. Энэ шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр Ерөнхий сайд Дорнодын М.Бадамсүрэнг батламжлаагүй. Үүнийг нь шүүхийн шийдвэр баталгаажуулж буй.
Харин М.Бадамсүрэнг томилохоос татгалзсан Н.Алтанхуяг сайдын шийдвэр хуульд нийцэж байгаа юм бол Баянхонгор болон Төв аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын захирамж хууль бус буюу Үндсэн хуульд үл нийцэж байна гэдэг үндэслэл тавьж Ардын намынхан Цэцэд хандсан. Өөрөөр хэлбэл, ажлын туршлагын хувьд М.Бадамсүрэнтэй ижил хүмүүсийг Төв, Баянхонгор аймагт Засаг даргаар томилчихсон хэрнээ “Ардын намын гишүүнийг ялгаварлан гадуурхлаа” гэх маягтай хандсан хэрэг. Үүнийг нь хянан үзсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа тогтоол гаргаж, Ерөнхий сайдын 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Д.Жаргалсайханыг Баянхонгор аймгийн Засаг даргаар томилсон тухай 80 дугаар захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэлтэй гээд хуралдааны бэлтгэл хангахыг үүрэгдсэн билээ. Гэвч Баянхонгор аймгийн Засаг даргыг томилсон захирамж “эцэг” хууль зөрчсөн эсэхийг тогтоох дунд суудлын хуралдаан ойрын үед болох байсан ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг боломжит хугацаагаар хойшлуулж өгөхийг хүссэн албан бичиг илгээжээ. Шалтгаан нь “Д.Жаргалсайханы хувийн хэргийг бүрдүүлэх явцад цугласан зарим баримтыг шалгах, нэмэлт нотлох баримт цуглуулах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай байна” хэмээн албан бичигт дурдсан байх юм. Гэхдээ Д.Жаргалсайханы хувийн хэрэг дэх ажлын туршлага нь тэгтлээ цаг авах асуудал биш.
Д.Жаргалсайхан нь 2004-2008 онд “Их жигүүр” ХХК-д захирал, 2009-2010 онд “Баянхонгор трейд центр” ХХК-д захирал, 2008 оноос Баянхонгорыг жишиг аймаг болгох хөтөлбөрийн зохион байгуулагч, 2008-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2010 оноос аймгийн АН-ын хорооны даргаар ажиллаж байжээ. Энэ нь түүнийг төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж үзэн Цэц дунд суудлын хуралдаандаа бэлтгэхэд хүргэж байгаа юм. Харин Төв аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Баярбатыг томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзээд хуралдаан зарлах шаардлагагүй гэсэн тогтоол гаргасан. Д.Баярбат нь 1992-1995 онд ерөнхий боловсролын сургуульд багш, 1995-1996 онд “BSB” ХХК-д менежер, 1999-2000 онд “Дизарч” ХХК-д дэд захирал, 2001-2012 онд “Декара” ХХК-д захирлаар ажиллаж байжээ. Ардын намынхны зүгээс дунд сургуульд багшаар ажилласан хугацаа нь гурван жилийн шаардлагад хүрэхгүй, хугацаа засварласан гэж байсан юм.
Ийнхүү Засгийн газраас тов тодорхой зүйл дээр цаг авч, хойшлуулж байгаа нь одоогоос жилийн өмнө болж байсан нэгэн явдлыг давтах нь гэсэн таамаглалыг төрүүлээд байгаа юм. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулсан Дорнод, Хөвсгөл аймгийн ИТХ-аас Засаг даргаар тодрогсдыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг батламжлаагүйн зэрэгцээ тухайн үед бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан Засаг дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Засаг даргын түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаалд нэр бүхий хүмүүсийг томилсон. Үүнийг нь Ардын намынхан хүчтэй эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэц хүртэл заргалдсаны эцэст Баянхонгорын Засаг даргатай холбоотой дээрх шиг нөхцөл байдалд хүргэж чадсан билээ.
Эцэст нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болохын өмнөхөн Н.Алтанхуяг Засаг даргын түр орлон гүйцэтгэгч томилсон болон Засаг дарга нарыг ажлаас чөлөөлсөн захирамжуудаа цуцалсан юм. Тэгэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Д.Жаргалсайханыг томилсон шийдвэрээ цуцалж, Баянхонгор аймаг Засаг даргагүй болбол тэгтлээ гайхах хэрэггүй бололтой.
Б.НОМИН