Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн. Хэдхэн хоногийн өмнө Спикерийн гар дээр ирсэн эл төсөлд алтанд ногдуулах татварын хувь хэмжээг 2.5 байхаар заасан байгаа юм. Энэ нь ээлжит бус чуулганаас эхлээд нэлээд хугацаанд хаалттай хэлэлцэж байгаад дээрх хуулийн төслийг орж ирэхийн өмнөхөн “унасан” Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн агуулгатай дүйж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр энэ талаар хөндөх гишүүд ч байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг батлуулах боломжгүй болонгуут нэрийг нь солиод дахин өргөн мэдүүлжээ.
Алтны татварын хувь хэмжээг 2.5 болговол урд хөрштэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрнэ гэж яриад байх юм. Хятадын роялтийн хэмжээ хоёр хувь байдаг ч үүн дээр нэмж орон нутагт өгдөг татварын хэмжээ гурван хувь, ашгийн татвар нь 42 хувь гээд тооцвол энэ төрлийн татварын хувь хэмжээ нь манайхаас хамаагүй өндөр. Ийм байтал яагаад заавал алтны татварыг бууруулах гээд байгаа юм бэ” хэмээн шүүмжлэх өнгө аястай асуусан юм. Үүнд, уг төслийг оруулж ирсэн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Шаардлага байгаа учраас алтанд ногдуулах татварын хувь хэмжээг бууруулахаар яамныхантай ярилцаж, Засгийн газрын хуралдаанаас дэмжиж УИХ-д өргөн мэдүүлсэн” гэсэн хариулт өгөв.
Мөн тус хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны дарга нарыг шинээр томилох асуудлыг өчигд өр болсон байнгын хорооны хуралдаануудаар хэлэлцлээ. Угаасаа байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байдаг тул энэ удаагийн парламент дахь байнгын хорооны дарга нарын эхний жилийн бүрэн эрхийн хугацаа нь ийнхүү дуусч байгаа юм. УИХ найман байнгын хороотойгоор үйл ажиллагаа явуулж буй. Эдгээрийн тавыг нь АН, хоёрыг нь “Шударга ёс” эвслийн гишүүд толгойлдог бол бие даагч гишүүн Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хорооны дарга билээ.
АН-ын бүлэг таван байнгын хорооны даргаар ажиллаж байгаа гишүүдээ улираан томилохоор санал нэгджээ. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ш.Түвдэндоржийг улируулан сонгохыг байнгын хорооны гишүүдээс 16 нь дэмжлээ. Энэ үеэр түүнийг салбарын шинэчлэл бүхий багц хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа энэ үед Хууль зүйн байнгын хороо хурлаа тогтмол хийхэд анхаараарай хэмээн гишүүд захив. Мөн Эдийн засгийн байнгын хорооны даргаар Б.Гарамгайбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан нарыг улираан томилохыг дэмжсэн юм. Байнгын хорооны дарга нарыг улираах эсэхийг нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Мөрдөх албаны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч Ажлын хэсгийн түвшинд саналаа нэгтгэх шаардлагатай гэсэн шалтгаанаар долоо хоног хойшлууллаа. Мөн тус хуралдаанаар Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэв. Цэцийн гишүүнд нэр дэвшсэн Д.Солонго, Ш.Цогтоо нарыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм.
Б.НОМИН