Шинэ жилийн баярын ширээг шарсан цацагт хяруул, нугас, тахиагүйгээр төсөөлдөггүй өрнийнхний зан бидэнд нэлээд “халджээ”. Айл бүр гэхгүй ч улаанбаатарчуудын олонх “ёолкноор” гахай, шувууны мах зооглодог болсон. Баярын зоогоо товлож амжаагүй байгаа бол мастер тогооч Н.Бумцэрэнгийн санал болгосон тахианы ороомгийг хийвэл зүгээр санагдлаа.
ОРЦ:
Гуя - 1 ш
Гахайн утсан мах - 3 зүсэм (60 гр)
Бууцай - 30 гр
Бяслаг - 40 гр
ХИЙХ АРГА:
Тахианы гуяыг яснаас нь салган, зөөлөн давтаад давс, перцээр амтална. Тахианы махны доор гахайн утсан махыг тавина. Үүн дээр буцламгай усанд дүрээд авсан бууцай, бяслаг тавьж, орооно. Шарах явцад амсрыг нь задлахгүйн тулд шор модоор “тэвхдэнэ”. Хайруулын тавгийг 180 хэмд халаагаад ороомгийг тал бүрээс нь улаан шаргал болтол шарж аваарай. Үүнийгээ 180-200 хэмд халаасан шарах шүүгээнд 15 минут шарахад хоол бэлэн болно.
Энэ хооронд хачир болон сүмсээ хийцгээе. Тогооч залуу энэ удаа цөцгийтэй бууцайн сүмс хийлээ. 15 гр цөцгийн тосонд 60 гр бууцайг бага зэрэг хар перец, давсаар амтлан 3 минут шараад 120 гр цөцгий нэмж, 2 минут хэртэй буцалгана. Үүнийгээ миксердэхэд зөөлөн амттай догь сүмс бэлэн болно.
.jpg)
Энэхүү хоолонд төрөл бүрийн ногооны хачир зохимжтой бөгөөд Н.Бумцэрэн цөцгийн тосонд шарсан цэцэгт байцаа, шаржигнуур шарсан хаш бэлтгэлээ. Хашийг нэг см зузаантай хэрчээд давсаар амталж, гурилд өнхр үүлнэ. Үүнийгээ өндөг, сүүтэй зуурмаг буюу лизонд дүрээд дахин хуурай гурилд өнхрүүлж аваад, шарна. Цэцэгт байцааг мөн л цөцгийн тосонд шарж, бага зэрэг ус хийж, жигнээд давсаар амтлахад салахын аргагүй юм. Энэ бүгдийг цөцгийнд жигнэсэн бууцайн сүмсэнд дүрээд идэхэд ёстой янзтай.