Шинэ жилийн баяртай холбоотойгоор үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод байсан УИХ энэ долоо хоногоос хэвийн ажиллах бололтой. УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаас энэ долоо хоногт намын бүлэг, Ажлын хэсэг, Байнгын хороод болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан байна. Тухайлбал, маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ГовьАлтай аймгийн ИТХ-ын сонгуулийн зардал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж. 2012 оны аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгээгүйн улмаас маргаан үүсч, холбогдох шатны шүүхийн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо Баян-Уул, Төгрөг, Хөх морьт, Шарга сум болон Баяншанд багийн сонгуулийн тойрогт хувь тэнцүүлэх хэлбэрээр дахин сонгуулийг энэ сарын 19-ний өдөр явуулахаар болсон билээ.
Аймгийн сонгуулийн хороо дахин сонгуулийн зардлыг 164 сая төгрөг хэмээн тооцсоныг Сонгуулийн ерөнхий хороо бүрэн эрхийнхээ хүрээнд хянаж, 32.4 сая төгрөг байхаар УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Мөн ирэх лхагва гаригт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар дэвшүүлсэн зорилтуудын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх мэдээллийг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэдээлэл хийх юм байна. Харин шийдэгдэлгүй он дамжсан Төсвийн байнгын хорооны даргыг дахин томилох асуудал энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй байна.
Б.НОМИН