Галт зэвсгийн тухай хуулийг 2001 оноос мөрдөж, зэвсэгт хүчин, цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттайгаас бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулж иржээ. Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 2010 онд 40894, 2011 онд 43768, 2012 онд 44764, 2013 онд 46982 галт зэвсэг тоологдсоноос үзэхэд жилд дунджаар 2000 орчим галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд шинээр худалдан авч өмчилж, эзэмшиж байна. Цаашид галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул түүнийг худалдан авах, ашиглах, эзэмшихтэй холбоотой зарим асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай болжээ. Тиймээс Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Төсөлд галт зэвсэг өмчилж байгаа этгээд нь тодорхой сургалтад зайлшгүй хамрагдах, галт зэвсгийг техникийн үзүүлэлт болон ашиглаж буй зориулалтаас нь хамаарч иргэний, харуул хамгаалалтын, хууль сахиулагчийн болон цэргийн гэсэн төрөлд ангилах, жагсаалтыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гиш үүн тус тус батлах, гадаадын иргэн, харьяалалгүй этгээдэд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглох талаар тусгасан байна. Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавих, хуульд зааснаас бусад тохиолдолд хуулийн этгээд нь галт зэвсэг өмчлөхгүй байх зохицуулалт хийх юм.
Хуулийн төсөл батлагдсанаар зөвхөн харуул хамгаалалтын эрх бүхий хуулийн этгээд, түүнчлэн спорт сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага хязгаарлагдмал хүрээнд, тодорхой хяналтын дор галт зэвсэг өмчлөх эрхтэй болох юм.