Улсын төсөв болон татвартай холбоотой асуудлыг Засгийн газраас өргөн барьдаг зарчмыг сэргээх нь зүйтэй хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаас шийджээ. Тиймээс тус Бүлгийн гишүүд татвартай холбоотой ямар нэг хууль санаачлахг үй юм байна. Бусад Бүлгийн гишүүд өөр байр суурь илэрхийлж болох ч энэ шийдвэр гишүүний хууль санаачлах эрхэд халдахгүй гэж тэд үзжээ. Мөн удаан хугацааны турш “дуншиж” буй Улс төрийн намуудын болон Сонгуулийн нэгдсэн хуулийн тухай төслийг ойрын хугацаанд ярилцаад хаврын чуулганаар амжуулан батлах нь зөв гэжээ.
Олонхийн бүлэг эдийн засгаа тэлэх, улс төрийн тогтолцоогоо өөрчлөх, иргэдийнхээ орлогыг нэмэх, шударга ёс тогтоохын тулд сөрөг хүчинтэй хамтрахад бэлэн гэж Д.Эрдэнэбат гишүүн мэдэгдсэн. Тэрбээр “Сөрөг хүчин популизм хийхгүй ажиллах юм бол бид УИХ-ын болон Дэгийн тухай хуульд хамтран өөрчлөлт оруулахад бэлэн” гэв. МАН-ын бүлгийн гишүүд гурав хүртэлх Байнгын хороонд харьяалагдаж, бүрэн эрхээ эдлэх ёстой хэмээн шаардаж буй юм. АН-ынхан энэ асуудлаар дээрх хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн бололтой.
АН-ын бүлгийн хуралдаанаар мөн хуулийн салбарын шинэчлэлийн талаар хэлэлцжээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ талаар мэдээлэл өгөв. Ерөнхийлөгчийн санаачилгаар 2012 онд шүүхийн салбарын багц зургаан хуулийг УИХ баталсан. Шүүхийн шинэчлэл цаашид ч үргэлжлэхийг сайд сануулав. Оны эхнээс Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм хэрэгжиж, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига авсан зэргээр зүй бус шийдвэр гаргасан шүүгчийн лицензийг хураахаар зохицуулжээ. Мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг шинээр баталснаар тэдэнд нөлөөлөх оролдлого хийсэн хүмүүст хариуцлага тооцох боломж бүрдсэн байна. Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар иргэд тэдний үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй болох нь. Одоо УИХ-аар Мөрдөх албаны тухай хуулийг хэлэлцэж буй. Өнөөдөр Галт зэвсгийн, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг сайд УИХ-д өргөн барих аж. Энэ мэтээр баталсан болон хэлэлцэж буй, өргөн барихад бэлэн болсон төслүүд нь голдуу зохион байгуулалтын чанартай гэдгийг тэр онцолсон.
Хууль зүйн салбарын шинэчлэлийг салбарын сайд нь хууль эрх зүйн, боловсон хүчний, дэд бүтцийн хэмээн ангилсан юм. Энэ бүх шинэчлэлийн анхны том үр дүн гарахад 6-7 жил шаардлагатай юм байна. Мөн тэрбээр “Хууль зүйн салбарыг шинэчлэхийн тулд 42 хуулийг шинэчлэн найруулах, шинээр батлах, өөрчлөлт оруулах шаардлагатай. Үүний 19 нь шүүхийн үйл ажиллагаатай холбоотой. Одоогоор 10 хуулийг нь л УИХ батлаад байна” гэсэн юм. АН-ын бүлгийн ахлагч болон Хууль зүйн сайдаас зарим зүйл тодрууллаа.
-700 орчим хүний орон тоотой Тахарын алба байгуулахаар болсон. Энэ бүрэлдэхүүний асуудлыг яаж шийдэх вэ. Мөн гэрч, хохирогчийг хамгаалахад шаардагдах төсвийг 2014 оны төсөвт суулгасан уу?
Х.Тэмүүжин: -Тахарын алба 500 орчим хүний орон тоотой. Шүүхийн харуул нэртэй, голдуу тэтгэврийн насны 160 хүний орон тоо, төсвийг Тахарын албанд шилжүүлсэн. Мөн Цагдаагийн албанаас Дуу бүжгийн чуулга, Спорт хороо зэрэг сул цалин авдаг орон тоог татан буулгаж, дээрх албанд шилжүүлсэн байгаа. Дотоодын цэргийг татан буулгасан. Энэ мэтээр дотооддоо ашиглагддаггүй байсан сул орон тоог шилжүүлэх замаар шийдсэн. Шинэ хуулиудыг хэрэгжүүлэхэд шаардагдах бүх хөрөнгө энэ оны төсөвт суусан.
-Гишүүн С.Баярцогтыг хүсэлтээрээ албан тушаалаасаа татгалзах гэж байгаа тухай мэдээлэл гарсан. Бүлгийн даргад энэ тухай мэдээлэл байна уу?
Д.Эрдэнэбат: -Тийм мэдээлэл гарсан байна лээ. С.Баярцогт гишүүнд албан тушаалаасаа татгалзах шаардлага байхгүй, худал мэдээлэл.
С.ТУУЛ