Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс хоёр улсын Засгийн газар 2014 оныг Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил болгон тэмдэглэхээр болжээ. Энэ талаар БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын зөвлөх, түр хамаарагч Ян Чин Дун өчигдөр мэдээллээ. Тэрбээр “Энэ хүрээнд төрийн болон бүх л салбарт солилцооны олон арга хэмжээ зохион байгуулна. Тэр дундаа соёл, хүмүүнлэгийн салбарт онцгой анхаарах юм. Мөн бүтэн жилийн турш тоглолт, үзэсгэлэн, соёлын арга хэмжээ зохион байгуулна” гэв. Тухайлбал, боловсролын салбарт гэхэд Засгийн газрын тэтгэлгээр суралцагчдын тоог нэмэх гэнэ. Өдгөө БНХАУ-д манай 8000 орчим оюутан суралцаж байгаагаас 1000 гаруй нь тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг аж.
Э.ЭРДЭНЭ