2012 оны орон нутгийн сонгуулиас хойш Говь-Алтай аймгийн МАХН-ын хорооны нэхэмжлэлтэй маргаан үргэлжилсээр өнгөрөгч оны есдүгээр сард эцэслэж, аймгийн таван тойрог болон намын нэрийн жагсаалтаар сонгогдох 12 мандатад дахин сонгууль явуулахаар болсон. Тодруулбал, Баян-Уул, Төгрөг, Хөх морьт, Шарга сум болон Баяншанд багийн сонгуулийн тойрогт хувь тэнцүүлэх хэлбэрээр дахин сонгуулийг энэ сарын 19-ний өдөр явуулахаар болсон билээ. Мөн шүүхээс өнгөрөгч сонгуулийн дараа байгуулагдсан ИТХ-ын анхдугаар хуралдаанаас 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж, ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргыг сонгосон тогтоолыг хүчингүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой бүх шийдвэрийг хүчингүй болгосон хэрэг. Тэгэхээр үлдсэн 18 төлөөлөгч ердөө л тухайн тойрогт нэр дэвшиж, олонхийн санал авч, ялалт байгуулсан нэр дэвшигч болж хувирч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч сонгуулиар байгуулагдсан ИТХ гээч юм үндсэндээ үгүй болж, 2008-2012 оны ИТХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгч нар өдгөө ГовьАлтай аймгийг удирдаж байгаа.
Нөгөө талаас эл маргаантай холбогдуулан аймгийн удирдлагууд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсаны дагуу ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг “Эрх зүйн чадамжгүй болсон ИТХ аливаа асуудлаар шийдвэр гаргах нь хуулийн хувьд хүчин төгөлдөр эрх зүйн акт мөн үү, биш үү гэсэн асуудал үүсгэх үр дагавартай тул шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгааг зөвлөе” гэсэн албан тоот илгээсэн бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн гарын үсэг бүхий албан тоотод “Танай аймгийн ИТХ-ын хуралдааныг бүрэн эрх нь хүчинтэй байгаа 18 төлөөлөгчтэйгөөр хуралдуулах боломжтой байгааг анхааралдаа авна уу” гэжээ.
Ийнхүү ЗГХЭГ, УИХ-ын эрх бүхий Байнгын хорооны удирдлагууд Говь-Алтайд үүссэн асуудлаар хоёр өөр байр суурь илэрхийлснээр бүр ч ойлгомжгүй байдал үүссэн юм. Аймгийн сонгуулийн хороо сонгууль явуулах зардлын тооцоог Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлснийг хянаж, 32.4 сая төгрөг байхаар УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Бие биедээ асуулт тавьсан, гайхсан, эргэлзсэн байдал энэ хуралдааны бүтэн дүр төрх. Гишүүд юун дээр эргэлзэж, уур амьсгал ямар байсан талаар хүргэе.
.jpg)
Ц.Дашдорж: -Бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч Дээд шүүхийн шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь сэргэсэн ИТХ шийдвэр гаргаж байгаа нь Үндсэн хуультай нийцэж байна уу. Мөн тэндээс томилогдсон Сонгуулийн хороо эрх зүйн чадамжтай юу. Магадгүй энэ сонгуультай холбоотойгоор дахин маргаан дэгдвэл зардлыг нь баталсан УИХ ямар нэг хариуцлага хүлээх үү.
Ч.Содномцэрэн (Сонгуулийн ерөнхий хорооны дарга): -Сонгуулийн хороог ИТХ-ын тэрг үүлэгчид байгуулдаг. Хороо байгуулсан шийдвэр нь хүчин төгөлд өр байгаа учраас Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо эрх зүйн чадамжтай. Үндсэн хуульд “Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд түүнийг бүх шатны байгууллага, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалт бий. Дээд шүүхээс дахин сонгууль явуулахыг даалгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тэгэхээр Дээд шүүхийн шийдвэрийг хэн ч тайлбарлах хэрэггүй.
Ж.Батзандан: -Хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол хууль зөрчсөн этгээд, албан тушаалтан хариуцлага хүлээсэн үү.
Ч.Содномцэрэн: -МАХН-ыг бүртгэхгүй байх асуудал зөвхөн Говь-Алтайд гараагүй. Сэлэнгэ, Дорнод, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын дүүргүүдэд гарсан. Бидний зүгээс хуульд заагаагүй үндэслэлээр бүртгэхгүй байж болохгүй, иргэний сонгогдох эрхийг хүндэлж бүртгэлийн үйл ажиллагааг явуулахыг удаа дараа зөвлөсөн. Асуудал үүсвэл хариуцлага хүлээх тухай ч сануулж байсан. Говь-Алтай, Хөвсгөл хоёроос бусад Сонгуулийн хороо зөвлөмжийг хүлээн авч, хэрэгжүүлсэн.
М.Энхболд: -АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулсан гэрээндээ орон нутаг болон Ерөнхийл өгчийн сонгуульд хамтарч оролцоно гэж заасан. Тэр гэрээ нь хэрэгжих ч юм шиг, хэрэгжихгүй ч юм шиг тодорхойгүй явсаар орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчид нь бүртгүүлж чадахгүй байдалд хүрсэн. 2008 онд байгуулагдсан ИТХ таван жил зургаан сарын дараа нөхөн сонгууль явуулсугай гэж шийдвэрлэснийг бид зардлыг нь гаргаж өгөх гээд сууж байна. Энэ сонгуулийн дараа аль нэг нэр дэвшигч нь Үндсэн хууль зөрчиж байгуулсан ИТХ-ын гаргасан шийдвэрийн дагуу зохион байгуулсан сонгууль учраас үр дүн нь хүчингүй гэж Үндсэн хуулийн цэцэд хандвал Говь-Алтайд болж буй маргаан УИХ-ыг Цэцэд дуудагдахад хүргэх юм биш биз дээ.
С.Баярцогт: -Дахин сонгууль явуулах асуудал нь хуулийнхаа 55, 56 дугаар зүйлээр зохицуулагддаг. Дээд шүүхийн шийдвэрт эдгээр заалтыг ер эшлээгүй байгаа юм. Дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэдэгт эргэлзэж байна. 55 дугаар заалтаар дахин санал хураалт явуулж, тэр нь сонгуулийн дүн ноцтой зөрчихөөр бол 56 дугаар зүйлээр дахин сонгууль явуулах ёстой. Сонгуулийн зардлыг оруулж ирснээр нь баталбал асуудал дагуулна. СЕХ асуудлаа татсан нь дээр. Харин Говь-Алтайд шууд санал хураалтаар ялсан төлөөлөгчид ИТХын бүрэлдэхүүний 50-иас дээш хувийг бүрдүүлж байвал үргэлжлүүлэн хуралдуулах нь зүйтэй. 50-иас доош хувийн бүрэлдэхүүнтэй байгаа бол дахин сонгуулийн тухай ярьж болно.
Ч.Содномцэрэн: -Дээд шүүхийн шийдвэр юуг үндэслэж, яаж гарсан талаар би тайлбар өгөхгүй. Зардлын тооцоог оруулж ирэхдээ Аймаг, сум, дүүргийн сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн нэгдүгээр заалтыг үндэслэсэн. Энэ нь “Сонгууль зохион байгуулахтай холбогдсон дор дурдсан заалтыг улсын төсвөөс санхүүж үүлнэ” гэсэн заалт байдаг.
Р.Бурмаа: -С.Баярцогт гишүүний хэлээд байгаа зөв. Өмнө нь дахин санал хураалт явуулж байж дахин сонгууль яригдах ёстой.
Р.Гончигдорж: -Шүүх сонгуулийг хүчингүй гэж шийдвэрлэсэн ч эрх бүхий байгууллага нь сонгуулиа хүчинтэй гэж үзээд хурлаа байгуулж, шийдвэрээ гаргасан байхад хүчингүй гэж үзэж байгаа нь юу гэсэн үг вэ. Өөрөөр хэлбэл, 2012 онд байгуулагдсан ИТХын тогтоолыг хүчингүй болгосонд эмзэглэж байна. Ийм нөхцөлд хүчингүй болсон сонгуулиар гарч ирсэн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүчингүй болгох ёстой. Тэдний орыг нөхөн бүрдүүлнэ гэсэн үг. Өмнөх ИТХ-ын бүрэн эрхийг сэргээсэн нь Үндсэн хуулийн зөрчилд шууд хүргэнэ. Бид дахин сонгууль явуулах нь гарцаагүй. Дахин сонгуулийн зардлыг тооцох нь ч зөв. Гэхдээ дахин сонгууль явуулах тухай шийдвэр нь хүчин төгөлдөр субъектээс гарах ёстой. Энд эл шийдвэрийг оруулж ирсэн субъектийг тийм эрхтэй гэж үзэхгүй байна.
Н.Энхболд: -Р.Гончигдорж гишүүнтэй ижил байр суурьтай байна. Бид хууль бус хэргийг хүлээн зөвшөөрсөн хэрэгт орох гээд байна. Яагаад хууль бус гэвэл 2012 оны ИТХ-ын шийдвэрийг шүүх хүчингүй болгосонтой холбоотойгоор 2008 оны ИТХ автоматаар сэргэсэн марзан тохиолдол үүсээд байгаа юм. Тэгэхээр 2012 оны ИТХ-д асуудлыг даатгавал яасан юм бэ. Үүний дараа УИХ зардлыг нь хэлэлцэх ёсой.
Д.Эрдэнэбат: -Үндсэн хуулиар олгогдсон нутгийн өөрөө удирдах ёсны бүрэн эрхэд шүүхийн шийдвэрээр халдах нь хууль бус үйлдэл. УИХ зардлыг нь баталбал Үндсэн хуулийн маргаан руу УИХ өөрөө татагдан орж байгаа хэрэг. Иргэдийн сонголтыг ийм байдлаар үгүйсгэж, тэрийг нь УИХ авч хэлэлцэх дээрээ тулсан сонгуулийн үйл явцыг бид өөгшүүлж болохгүй.
Ингээд Д.Эрдэнэбат гишүүн тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төслийг СЕХ-нд буцаахаар болсон юм. Мөн Говь-Алтай аймгийн сонгуулийн зарим хэсэгт явуулах дахин сонгуулийн улсын төсвөөс санхүүжих зардлыг өөрийн төсвөөс гаргах эрхийг СЕХ-нд олгох нь зүйтэй гэж үзэв.
Б.НОМИН