УИХ-ын сонгуулийн маргаан үргэлжилж, “но”-той сонгогдсон гишүүдийн жагсаалт Ж.Батсууриар нэмэгдэж байна. Увс аймгаас сонгогдсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудал шийдэгдээгүй байхад намын анд Ж.Батсуурь сонгогчдод мөнгө тараасан, сонгох эрхэд нь халдаж, хууль зөрчсөн гэсэн ялд унаж мэдэхээр болов. УИХ-ын сонгуулийн зургадугаар тойрог буюу Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон эрхэмд холбогдох хэргийг шүүхийн шатанд хэлэлцэж байна.
Тэрбээр 2012 оны зургадугаар сарын 24-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын V багийн нутаг, Жарангийн худаг, Цайдам гэдэг газар сонгогчидтой уулзахдаа иргэн Т.Батжаргал, Ч.Баярсайхан, Ш.Алтангэрэл, Г.Чойдовдаш, Д.Цогзолмаа нарт тус бүр 100 мянга, иргэн Г.Санжаад 40 мянган төгрөг өгч, “Намайг болон МАН-ыг дэмжээрэй” хэмээн уриалсан баримт байгаа аж. Үүгээрээ Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.1-ийн “... Сонгогчдод мөнгө, эд бараа төлбөрг үй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөрг үй болон хөнгөлөлттэй үнээр үзүүлэх, таавар, бооцоот тоглоом зохион байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчжээ. Уг хэргийг тухайн үед нь аймгийн Цагдаагийн газраас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн юм байна.
НПГ-аас Ж.Батсуурьт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 гэсэн зүйлээр ял төлөвлөөд харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард шилжүүлжээ. Гэвч Ж.Батсуурь УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ хаацайлж, мэдүүлэг өгөхөөс татгалзаж буйгаас болж энэ хэрэг Нийслэлийн прокурор болон Сүхбаатар дүүргийн шүүхийн хооронд хоёронтоо буцаад буй юм байна. Уг асуудлаар шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, буруутай хэмээн үзвэл МАН Ж.Батсууриа “явуулах” болох нь.
С.УУЛ