Шинэчлэлийн Засгийн газар 16 яам, 19 сайдтай ажиллаж байна. Энэ бол манай улсын түүхэнд байгуулсан Засгийн газруудаас хамгийн данхар нь гэсэн үг. Ерөнхий сайд солигдох бүрт Гүйцэтгэх засаглалын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгддөг. Сонгуульд олонхийн суудал авсан намын даргыг Ерөнхий сайдаар томилж, Засгийн газрын тэргүүн танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг санал болгодог хуультай. Ийм том эрх эдэлж, “бялуу” хуваах гэж буй хүнд тал талын дарамт шахалт ирэх учир Засгийн газар байгуулах бүрт гардаг “Бүтцээ цомхон, чадварлаг болгоё” гэдэг шүүмжлэл хэрэг дээрээ эсрэгээрээ хэрэгжинэ.
БҮРЭЛДЭХҮҮНЭЭС ХАМААРЧ “БЯЛУУ”-НЫ ЗҮСЭМ НЭМЭГДЭНЭ
Ийм хуульчлаагүй зарчим улс төрд үйлчилдэг нь нууц биш. Тухайн нам сонгуулиар үнэмлэхүй олонхийн суудал аваагүй л бол хамтрах сонголт үлддэг. Олонхио бүрдүүлэхийн тулд бусад намыг гуйна, албан тушаалаараа “хахуульдана”. Тэгэхээр эхлээд Засагт орсон намууддаа, дараа нь өөрт ногдох хэсгээсээ фракц, бүлэглэлүүдээ гомдоохгүйгээр хуваарилалт хийх хатуухан үүрэг Ерөнхий сайдад ногддог. Ийм байдлаар задарсаар “бялуу”-г олон зүсэмтэй болгож буй юм. 1996-2000 оны Засгийн газар ес, 2000-2004 оных 11 яамтай байв. 2004-2008 оны Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд гурван ч Ерөнхий сайд солигдсон түүх бий. 2004 онд АН болон бусад нам хамтран “Эх оронАрдчилал” эвсэл байгуулж сонгуульд оролцон, улмаар Ц.Элбэгдоржийг Засгийн газрын тэргүүнээр томилж байв. Энэ үед 13 яам, 16 сайдтай байлаа. Гэвч эвсэл задарч, Засгийн газрыг 2006 оны нэгдүгээр сард огцруулсан билээ. Эвсэл задарсан учраас хамгийн олон суудал авснаараа МАХН бусадтайгаа эвсэж, Засгийн газар байгуулахад хүрсэн. Улмаар МАХНын М.Энхболд Ц.Элбэгдоржийн халааг авч, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн дахиад л өөрчлөгдөв.
МАХН дангаараа Засгийн газрыг байгуулах хэмжээний суудалгүй учраас тэр үеийн гуравдагч хүчнүүдийн төлөөлөлтэй хамтарч, “бялуу”-ны зүсмийг дээрх зарчмын дагуу нэмэхэд хүрсэн. Ц.Элбэгдоржийн байгуулсан бүтэц, бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байсан учраас Онцгой байдлын, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн гэсэн хоёр ч сайдын орон тоог нэмсэн. Гэвч М.Энхболдын Засгийн газар удсангүй. ҮШН дотроо задрахаас эхлээд байдал бас л хурцадсанаар МАХН-ын С.Баяр түүнийг залгамжилсан түүхтэй. Тэрбээр Ерөнхий сайд нараас бараг анх удаа бүтэц, бүрэлдэхүүнийг цөөлөх, цомхон болгох оролдлого хийсэн юм. Гуравдагч хүчний намуудад зориулсан бүтцээс яамгүй хоёр сайдын орон тоог С.Баяр цомхтгосон. 2008 онд МАХН дахин олонх болоход С.Баяр Ерөнхий сайдаар улирч, 11 яамтай ажиллав. Эрүүл мэндийн шалтгаанаар тэр удалгүй ажлаа Сү.Батболдод шилжүүлсэн билээ.
2012 он. АН сонгуулиар олон суудал авсан ч олонх болж чадаагүй. Тиймээс өмнөх Засгуудын адилаар ИЗНН, “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан юм. Уламжлал давтагдав. Гэхдээ үеийн үед Сангийн сайд байхыг мөрөөдөж ирсэн Н.Батбаярт “зориулж” Эдийн засгийн хөгжлийн яам шинээр байгуулсан. НХХЯ, ЭБЭХЯ зэргийг хоёр салгах гэх мэтээр албан тушаалыг “өндөглүүлсэн”. Цаг үеийн шаардлага мэт харагдавч, цаагуураа хүнд зориулсан бүтэц бий болсон билээ. АН-ын фракц олон, хамтарсан нам нь бас л “эрээн алаг” байсан учраас “бялуу”-г бүр олон хэсэг хуваах шаардлага Н.Алтанхуягт гарсан гэж ойлгоё. Ийнхүү “бялуу” хуваагч утсан хүүхэлдэйн өрөвдөлтэй үүргийг үе үеийн Ерөнхий сайд нар гүйцэтгэсээр иржээ.
10 ЖИЛ ӨӨРЧЛӨХГҮЙ ХАТУУХАН БҮТЭЦ ХЭРЭГТЭЙ
Багаар бодоход багаар бодоход ядаж ийм хугацаанд өөрчлөх аргагүй, тогтсон бүтэц, бүрэлдэхүүнтэй Засгийн газартай байвал улс оронд хэрэгтэй. гэсэн санааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалтын индрээс дэвшүүлсэн. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөхөд түүний харьяа агентлагуудад хөдөлгөөн орно, тэр хэрээр төрийн ажил цалгардана, иргэдэд хүндрэл учирна. 2.9 сая хүн амдаа олдсон яам, сайдтай, эрх барьж буй бүрэлдэхүүнээрээ оролцон Засгийн газар байгуулж тоглодог байдлаар хангалттай олон жил явлаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах босгыг өндөрсгөж, Үндсэн хуульд тавьдагтай ижил, нийт гишүүний гуравны хоёрын саналаар л “гар хүрэх" эрхтэй болгочиход буруудах зүйлгүй. Ерөнхий чиг үүргийн яаманд үеийн үед Сангийн яам, Хууль зүйн яам, ГХЯ багтаж ирсэн. Үүн дээр байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал тулгамдсан учраас БОНХЯ-ыг нэмсэн нь зөв байх. Барилга, хот байгуулалт, зам харилцааны асуудлыг нэгтгэж болох. УИХ-д Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо гэж бий. Энэ жишгээр гурав тусдаа байгаа яамдыг нэгтгэхэд болохгүй юмгүй. Иймэрхүү байдлаар яамдын бүтцийг цомхон болгох зориг зүрх хэрэгтэй байна.
7.4 сая хүн амтай, сүүлийн үед шууд ардчиллын зарчмыг нь манайхан сонирхон судалж буй Швейцарь улсын Засгийн газар ердөө долоон сайдын орон тоотой. Энэ бүтэц, бүрэлдэх үүн нь тогтмол байдаг юм билээ. Бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлох, дараа нь хэнд алийг нь хуваах вэ гэж тоо бодож толгой өвтгөж суух цаг хугацааг үндсэн ажлаа хийхэд зориулж байвал дээргүй юү. Ер нь бялууны зүсэм цөөн байх тусмаа амттай билээ.
С.ТУУЛ