-Амладаг, амласнаа дүгнэдэг улс төрийн шинэ соёл төлөвшүүлэхийг Засгийн газар зорьж байна
Шинэчлэлийн Засгийн газраас ирэх онд хийх ажлын төлөвлөгөөгөө өчигдөр танилцууллаа. “Монголдоо бүтээцгээе” уриан дор тэд бүтээн байгуулах, үйлдвэрлэх, иргэдийнхээ ажил, орлогыг нэмэгдүүлэх, төрийн хүнд суртал, хээл хахуулийг бууруулах гэсэн гурван зорилт тавьсан юм байна. Энэ зорилтоо дэлгэрүүлж танилцуулахын өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны ололт, амжилтаа дүгнэсэн. 2013 онд манай экспортын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унаснаас хөрөнгө оруулалт буурч, эдийн засгийн нөхцөл байдал 2008-2009 оны хямралын үетэй дөхөж очсон. Үүнд экспорт буурснаас гадна нийгмийн хавтгайрсан халамжаас үүдэлтэй их хэмжээний өр, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн хууль, эрх зүйн орчин хэмээх популизм ч хувь нэмрээ оруулсныг тэр сануулав. Байдал ийм байсан ч Засгийн газар “Чингис” бонд гаргаж, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, найман хувийн зээлийн хүүтэй орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрсэн байна.
200 мянган ажлын байр хадгалж, шинээр 51 мянгыг бий болгосон, 20 мянган иргэн орон сууцанд орсон, найман хувийн хүүтэй орон сууцны зээлд 17 мянган иргэнийг хамруулсан, барилгын салбар хоёр дахин нэмэгдсэн зэрэг үр дүн гарч эдийн засаг 12 хувиар өсчээ. Манай улсын экспортын 89 хувийг эрдэс баялгийн, долоон хувийг ноос, ноолууран, үлдсэнийг нь бусад төрлийн бүтээгдэхүүн эзэлдэг. Гаргаж буй бүтээгдэхүүн нь голдуу түүхий байгаа. Энэ бүх үзүүлэлтээ тэгвэл ирэх онд нэмж хэрэгжүүлэхээр Засгийн газар төлөвлөсөн аж. 45 сая малтай атлаа сүүний хэрэглээний 74 хувийг импортолдог байдлыг зогсоохын төлөө ажиллах гэнэ. Мөн бид гурилын хэрэгцээнийхээ 41, нэхмэл хувцасны 62, төмрөн бүтээгдэхүүний 93 хувийг, шатахуун болон элсэн чихрийн хэрэгцээгээ 100 хувь импортоос хангадаг. Энэ бүхнийг эх орондоо үйлдвэрлэхэд ирэх онд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд амлав. Үүний тулд “Чингис” бондоос үлдсэн 364 тэрбум төгрөгийг экспортыг дэмжиж, импортыг орлох төслийг санхүүжүүлэхэд зориулах юм.
Мөн “Самурай” бондоос 450 тэрбум төгрөгийг энэ салбарт зориулна. Нийт нэг их наяд төгрөгөөр үйлдвэржилтээ санх үүжүүлэхээр шийджээ. Мөн Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно. Энэ мэтээр өнгөрсөн онд суурийг нь тавьсан дэд бүтцийн олон ажлаа үргэлжлүүлэх гэнэ. Орон сууцжуулах хөтөлбөрөө үргэлжлүүлж, аймаг бүрт 1000, нийт 30 мянган орон сууц шинээр барих юм байна. Шүүмжлэл дагуулж, он гармагц багахан “алдаа” гарч шатахууны үнэ нэмэгдсэн ч “Үнэ тогтворжуулах хөт өлбөр”-ийг ч орхилгүй авч явах аж.
Цалин тэтгэврийг нэмэхэд зориулж 90 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн 50 мянган ажлын байр шинээр бий болгох, 24-өөс дээш насны, мэргэжилтэй 700 ажилтан бэлтгэх, 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой жижиг, дунд үйлдвэрлэгчдийн татварын 90 хувийг буцаан олгох хууль санаачлах, 40-өөс дээш насныхныг ажлын байраар хангахад 3.1 тэрбум төгрөг зориулах гэх мэтээр шинэчлэлийн Засгийн газрын ажлын төлөвлөгөө үргэлжлэх юм билээ. Оны эхэнд хийх зүйлээ зарлаж, эцэст нь хийснээ дүгнэдэг шинэ жишиг тогтоож буй нь урьд өмнө дутагдаж байсан улс төрийн соёлын шинэ хэлбэр гэж дэмжих учиртай биз ээ.
С.УУЛ