МДХ-ны багийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-5-ны өдрүүдэд “Хос мастер” клуб дээр боллоо. 13 дахь удаагаа зохиогдсон тус тэмцээнд 15 баг оролцсон нь урд өмнөх жилүүдтэй харьцуулбал дээд амжилт байлаа. Багуудын хүчийг тэнцвэржүүлэх үүднээс өнгөрсөн жил журмандаа “Багт олон улсын цолтой нэг л тоглогч байна” гэсэн өөрчлөлт оруулсны дүнд оролцох багуудын тоо нэмэгдэх хандлагатай болсон юм.
Багууд швейцарь системээр долоон өрөг тоглоход ДДХМ Р.Манлай ахлагчтай, спортын мастер Ц.Сүхбат, Ч.Равжир, Б.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй “Victory” баг боломжит 14 онооноос 11-ийг аван түрүүлж, ноднингийн мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж чадлаа.
Тэд тэмцээний эхний хоёр өрөгт “Ирээдүй”, “Тэмүүлэл” гэсэн залуухан багуудтай тэнцсэн ч удалгүй формондоо орж, дараалан дөрөв хожин, улмаар сүүлийн өрөгтөө “Алтандорнод Монгол”-той тэнцсэнээр анх удаагаа түрүүлсэн юм.
Гэхдээ тус багийн дийлэнх гишүүд өмнө нь “Скайтел”, “Champions” багийн бүрэлдэхүүнд байхдаа багийн УАШТ-д хоёр ч удаа түрүүлж байсан туршлагатай билээ. Мөнгө, хүрэл медалийг спортын мастер Ц.Отгонбилэг ахлагчтай “Ирээдүй”, ОУМ О.Түвшинболд ахлагчтай “Скайтел” багууд хүртлээ. Тэд адилхан 10 оноотой гарсан ч багийн гишүүдийн нийлбэр хожлоороо “Ирээдүй” илүү байв. 14-19 насны охид, хөвгүүдээс бүрдсэн энэ багийн зарим гишүүд шинэ оны өмнөхөн Франц улсад болсон залуучуудын ДАШТ-д оролцсон учраас бэлтгэл сайтай байсан байх магадлалтай. “Скайтел” багийн хувьд ахлагч О.Түвшинболд нь тэмцээний сүүлийн өдөр сайн тоглосны хүчинд “Алтан титэм”, “Даамын андууд” багуудыг буулгаж авсан юм.
Сүүлийн таван жилд гурван удаа түрүүлээд байсан спортын мастер Э.Энх-Эрдэнэ ахлагчтай “Алтан өрөг”, их мастер Г.Ганжаргалаар толгойлуулсан, спортын мастер Г.Энхтуяа ахлагчтай “Алтандорнод Монгол” багууд шагналт IV-V байранд шалгарлаа.
Багийн УАШТ-ий медальтнууд
2001 1.Даамын андууд 2.Скайтел 3.Эхлэл
2002 1.Эхлэл 2.Аваргууд 3.Таван цагариг
2003 1.Чингэлтэй 2.Эхлэл 3.Скайтел
2004 1.Эхлэл 2.Чингэлтэй 3.Скайтел
2005 1.Алтан өрөг 2.Хангарьд 3.Чингэлтэй
2006 1.Чингэлтэй 2.Скайтел 3.Алтан өрөг
2008 1.Эхлэл 2.Даамын андууд 3.Скайтел
2009 1.Алтан өрөг 2.Champions 3.ТЭЦ IV
2010 1.Champions 2.Даамын андууд 3.Алтан өрөг
2011 1.Алтан өрөг 2.Champions 3.Алтан титэм
2012 1.Champions 2.Алтан титэм 3.Даамын андууд
2013 1.Алтан өрөг 2.Victory 3.Ирээдүй
2014 1.Victory 2.Ирээдүй 3.Скайтел
Багийн УАШТ 2001 оноос хойш нийтдээ 13 удаа зохиогдоод байна. 2007 онд зохиогдоогүй аж. Анхны тэмцээнд спортын мастер Л.Гансүх, Б.Ганзориг, Ч.Энхтайван, М.Хишигбаяр нарын жигдхэн бүрэлдэхүүнтэй "Даамын андууд" баг түрүүлжээ. Багийн улсын аваргаар "Алтан өрөг" баг хамгийн олон удаа буюу 4, "Эхлэл" баг 3 удаа тодорчээ. Харин хамгийн олон медаль авсан нь их мастер Д.Эрдэнэбилэг ахлагчтай баг. "Скайтел", "Таван цагариг", "Champions" нэрээр тоглож байсан тус баг 2 алт, 4 мөнг ө, 4 хүрэл, нийтдээ 10 медаль хүртжээ (үүнд 2014 онд хүрэл медаль авсан ОУМ О.Түвшинболд ахлагчтай "Скайтел" баг хамааралг үй болно). Өнгөрсөн жилээс тус баг задарч "Champions", "Victory" хэмээн хоёр хуваагджээ. Өрх тусгаарласан "Victory" баг ноднин мөнгө, энэ жил алт аваад байна.
А.ЭРДЭНЭБОЛД