Бид зурагтаар алдартай тамирчдыг хараад “Тэдэн шиг болохсон” гэж мөрөөддөг. “Хэдхэн тоглолт, тэмцээнд оролцоод их мөнгө олдог” хэмээн атаархагчид ч бий. Гэхдээ хүн бүрийн амьдрал ижилхэн биш байдаг шиг тамирчдынх ч янз бүр. Ингээд хэцүү амьдрал туулсан оддыг танилцуулья.
АЛЛЕН АЙВЕРСОН (САГСАН БӨМБӨГ)
Түүнийг ээж нь дөнгөж 16 настайдаа төрүүлсэн гэдэг. Эцэг нь хаяж явснаас хойш Аллен хүү ээжээрээ овоглох болсон юм. Эх Анн Айверсон хүүхдүүдээ хоногийн хоолтой байлгахын тулд өглөөнөөс орой болтол давхар ажил хийдэг байжээ. Гэвч Айверсоны охин дүү хүнд өвчтэй тул тэдэнд мөнгөний хэрэгцээ их гардаг байв. Чухам хүнд өвчтэй охиноосоо болоод Анн байнгын тогтмол ажилтай байж чаддаггүй байлаа. Халаалт, ус, цахилгаангүй тийм л гэрт Айверсон хүн болсон юм. Тэрбээр коллежид нэг жил тоглоод NBA-д орсон түүхтэй. Энэ шалтгаанаа “Хариулт” мөнгөтэй холбон тайлбарлаж байв.
КЕРОН БАТЛЕР (САГСАН БӨМБӨГ)
Өдгөө “Милоуки Бакс”-т хүчин зүтгэж буй Батлерын сагсан бөмбөгийн авьяас багаас нь илэрчээ. Тэрбээр дунд сургуульд байхдаа үргэлж асуудалд орооцолддог нэгэн байлаа. Керон 11 настайгаасаа хар тамхи борлуулж, 15 нас хүрэхээсээ өмнө хэдийнэ 15 удаа баривчлагдсан гэдэг. NBA-д драфтлагдахаасаа таван жилийн өмнө хар тамхи хадгалсан, борлуулсан хэргээр нэг жил шоронд суух ял сонссон удаатай. Харин Коннектикутын их сургуулийн дасгалжуулагч Жим Калхун түүнд боломж олгосноор амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн гэдэг.
ДИ.ЖЕЙ МБЕНГА (САГСАН БӨМБӨГ)
Конгод төрсөн үлэмж биет Мбенгагийн эцэг уг нь улсынхаа Засгийн газарт өндөр алба хашдаг байжээ. Харин тус улсад эмх замбараагүй байдал үүсч, эцэг нь шоронд орсноор аз жаргалтай амьдрал нь хар дарсан зүүд болон хувирав. Гэр бүлийнх нь ихэнх гишүүд алагдсаны дараа ээжийнхээ хамт Бельгид амьдрах аз тохиожээ. Мбенга 19 нас хүртлээ сагс хэрхэн тоглохыг огт мэддэггүй байсан гэдэг. Угийн том биетэй төрсөн тул сагс тоглоход тийм хэцүү биш байлаа. Улмаар хоёр жилийн дараа гэхэд мэргэжлийн сагсан бөмбөгч болж, улсынхаа лигээс гараагаа эхэлжээ. Ингээд 2004 онд “Даллас Маверикс”-тай гэрээ байгуулснаар NBA-д хөл тавьсан юм. Одоо тэр Филиппиний лигт тоглож байна.
ЛУКА МОДРИЧ (ХӨЛБӨМБӨГ)
Хорватын шигшээ болон “Реал Мадрид”-ын хагас хамгаалагчийн бага нас иргэний дайны хөлд өнгөрчээ. Түүнийг дөнгөж зургаан настай байхад дайн эхэлж, төрсөн хот болох Задар нь хэдхэн өдөрт л сүйрсэн гэдэг. Өвөө нь нас барж, эцэг нь армид байлдаж байлаа.
Эцэг нь дайнаас эргэж ирээд гэр бүлийнхээ бага сага цуглуулсан мөнгөөр хөлбөмбөгт дуртай хүүгээ сургалтын академид явуулахад зарцуулсан юм. “Аавд маань шилбэний хамгаалалт авах ч мөнгө байгаагүй учраас надад царс модоор хамгаалалт хийж өгсөн” хэмээн тэрбээр өгүүлжээ.
КАРЛОС ТЕВЕС (ХӨЛБӨМБӨГ)
Италийн “Ювентус”-ын довтлогч Карлос Тевесийн бага нас Аргентиний хамгийн аюултай газарт өнгөрчээ. Өдгөө 29 настай хөлбөмбөгчин 1984 оны хоёрдугаар сарын 5-нд Фуерте Апаче хотод төрсөн. Нийслэл БуэносАйресийн харьяа энэ жижиг хотод өдөр болгон гэмт хэрэг гардаг, хүн нас барах нь энгийн үзэгдэл байв. Тэрбээр энэ тухай “Нар шингэж харанхуй болох үед гадаа гудамжинд хэн нэгнийг дээрэмдэх, алах явдал байнга гардаг байлаа. Тиймээс оройн цагаар хэн ч гудамжинд гарч чаддаггүй байсан” хэмээн дурсаж байна.
НИ ЛЭМПТИ (ХӨЛБӨМБӨГ)
Цагтаа Ганын шигшээ багт тоглож байсан Лэмптигийн хүүхэд нас жинхэнэ там байсан гэхэд хилсдэхгүй. Эцэг нь архи ууж, гэр бүлийнхнийгээ байнга дарамталж, хүүхдүүдээ зоддог байв. Харгис эцгээсээ айсан хүү ихэнх шөнийг гадаа машины доогуур, эсвэл дэлгүүрийн цонхон доор өнгөрүүлдэг байжээ. Хичээлдээ бараг явдаггүй хүүгийн цорын ганц мөрөөдөл нь хөлбөмбөг байлаа. Удалгүй эцэг эх нь салав. Ээж нь өөр хүнтэй гэрлээд ч байдал дээрдсэнгүй, хойд эцэг нь хүүг гэрээсээ хөөжээ. Харин Ни хүүг бурхан мартсангүй, хөлбөмбөгийн сургалтад хамрагдаж, од болох замналаа эхэлсэн гэдэг.
Э.ТЭМҮҮЛЭН