Гудамжнаас эхэлсэн шоугаа УИХ-ын танхимд үргэлжлүүлж буй эрхмүүдийг энэ удаа онцолж байна. Иргэний хөдөлгөөний “цогтой тэмцэгч”-дийн гол дүр болох С.Ганбаатар, Ж.Батзандан, Г.Уянга, Д.Батцогт, З.Баянсэлэнгэ нар Парламентад сонгогдсон. Тэд УИХ-аас гаргаж буй шийдвэр амьдралаас тасархай, хууль тогтоогчид нь авлигад идэгдсэнийг шүүмжлэн “ард түмний нэрийн өмнөөс” тэмцдэг байлаа. Харин эрх баригчдаа шүүмжилж явсан эрхмүүд өөрсдөө УИХ-д суучихсан чинь гудамж “эзгүйрээд” явчихсан юмдаг. Тэдэнд үнэхээр улс эх орныхоо төлөө тэмцсэн үе бий л байх. Цөөхөн хүний эрх ашгийн төлөө хөлсөөр тэмцдэг гэх хардлага ч дагадаг байсан. Харин одоо С.Ганбаатараас бусад нь “Шударга ёс” эвсэлд багтан АН-тай хамтран эрх баригч болов.
Гудамжинд жагсаж, өлсгөлөн зарлаж явахдаа ярьж, бий болгохыг мөрөөдөж байсныхаа төлөө тэд өнгөрсөн хоёр жилд юу хийсэн бэ. Тоймтой хэлэх зүйл үл олдов. Зөвхөн МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудал хөндөгдөх юм бол гишүүн З.Баянсэлэнгэ хуучнаа дурсаж, гудамжинд жагсахад бэлэн яваа. Түүний “амьдралын утга учир” нь Н.Энхбаяр дарга гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Ард түмний гэхээсээ илүү түүний төлөө л гудамжинд жагсаж явсан учраас тэр. Г.Уянга нэг хэсэг учраа олохгүй, шоудах маягтай явсан ч одоо хаана, юу дуугарахаа хянаад эхлэх шиг болсон. “Иргэний хөдөлгөөнийхний бүлэг”-ээс арай дөнгүүр, ажилсаг нь Д.Батцогт. Эвслээ төлөөлж Ажлын хэсэг ахлаад, төсөл боловсруулах хар ажилд зүтгээд түүнд шоудах зав ч гарахгүй байгаа биз. Бусад нь харин үнэхээр завтай явна. Хийж байгаа алхам, хэлж буй үгнээс нь хэтэрхий популизм харагдана.

Ж.БАТЗАНДАН
Монголд хамгийн анх иргэний хөдөлгөөний гэсэн тодотголтой, улс төрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эрүүл нийгэмиргэний хөдөлгөөн” хэмээх байгууллагыг тэр байгуулсан. Төрийн ордон руу улаан лооль шидэхээс эхлээд түүний тэргүүлсэн тэмцэл сонин, содон байв. “УИХ-д орохгүй, урвагчдын нэг болохгүй” гэж байсан мань эр удалгүй Иргэний хөдөлгөөний нам байгуулаад 2008 оны сонгуульд хүч үзсэн юмдаг. “Долдугаар сарын 1-ний” үймээнийг зохион байгуулсан хэмээн буруудаж, ядрахдаа АН-аас аврал эрсэн нь ч үнэн. Иймэрхүү замналаар явсаар тэр 2012 онд УИХ-ын босгыг алхсан. Сонгогчдодоо амласнаа хэрэгжүүлнэ гээд хэд хэдэн ч хуулийн төсөл санаачилсан, гэвч түрүүчээсээ дэмжлэг авахгүй “унаад” байгаа юм. Эрхэм гишүүний амнаас “Иргэдийнхээ төлөө” гэсэн үг одоо хэр нь салахгүй. Гэхдээ хийж буй үйлдэл нь худлаа голдуу харагдаад байдаг. Сар хүрэхгүй хугацааны өмнө тэр ТӨХ-нд хандан төрсөн ах, Ж.Батсүрэнгээ ажлаас нь халж, хариуцлага тооцуулахыг хүссэн бичиг албан илгээснээ зарласан.
Ах нь Монгол, Солонгосын хамтарсан “Монсам” төрийн өмчит компанийн захирал аж. Ах нь АНУ-аас албан хэрэгцээндээ авчирсан таван ширхэг компьютерийн гаалийн татварыг төлөөгүйгээ төрсөн дүүдээ итгээд шивнэчихсэн юм биз дээ. Хэтэрхий шударга дүүд нь нэг эхээс зулай зулайгаа гишгэж төрсөн энэ тэр хамаагүй, шударга ёсонд ах дүүгийн холбоо сонин биш гэж үзжээ. Ийм хөгийн алхам нь түүнийг шударга түшээ гэхээсээ илүү “Шоудах гээд ядчих юм, ахыгаа хайрлаагүй хүн ард түмнийг яаж хайрладаг юм” гэсэн сэтгэгдлийг олон нийтэд төрүүлсэн. Ахад нь асуудал байгаа бол хуулийн байгууллага шалгах ёстой. Түүнээс биш, УИХ-ын гишүүн оролцоод байх учиргүй. Дээрээс нь аврал эрэн элссэн АН-ынхаа эсрэг шүүмжлэл байнга чулууддаг нэгэн. Үзэл бодол зөрөлдөх тохиолдол байх ч олонхоороо шийдэх нь ардчиллын гол зарчим. Гэвч эрхэм гишүүн “Эрх баригч намаа шүүмжлээд л байвал шударга харагдана” гээд ойлгочихсон бололтой. Гэхдээ хийж буй үйлдлүүд чинь олон нийтэд таны бодсоноос эсрэгээр харагдаад байна, гишүүн ээ.
С.ГАНБААТАР
Төрөлхийн тэмцэгч дуу хоолой түүнд заяажээ. Эрхэм гишүүн гудамжнаас өндөр дуугаар ярьсаар байгаад ярианы хэвийн өнгийг мэдэхээ больчихсон. Овоо нэг хэмээр ярьж байснаа л дуу нь чангараад “тэмцээд” явчихдаг. УИХ-ын чуулганы танхимд зогсоогоороо ярихаас түүний шоу эхэлсэн. Тэгээд энэ дөрвөн жилийн турш “зууралдах” ганц сэдэв нь Оюутолгой. Оюутолгойн гэрээг улс, ард түмнийхээ эрх ашгийн төлөө сайжруулах ёстой хэмээн дуугарч буй нь зөв юм шиг. Засгийн газраа төлөөлж Оюутолгойн гэрээ байгуулсан, тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтыг тэр халз мэтгэлцээнд дуудсан. Гэвч “судалсан” сэдвийнхээ талаар тоймтой ойлголтгүйгээ харуулж, С.Баярцогтын мэдээлэлд няцаагдсан. Үүгээрээ “С.Ганбаатар Оюутолгойгоор популизм хийгээд байгаа юм биш үү” гэсэн хардлагыг баталгаажуулсан юм. Интернэтээр “Ганбаатар ба Оюутолгой” гэсэн холбоостой мэдээлэл дүүрэн. Ерөнхий сайдад, АТГ-т, эсвэл бүр “Рио Тинто”- д ч хандаж нэг үзэх маягаар л тэр “ажиллаж” байгаа аж. Өөр тоймтой хийдэг ажил энэ эрхэмд алга.
О.БААСАНХҮҮ
Хуульч мэргэжилтэй тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярын төлөө “төрсөн” хүмүүсийн нэг. Гудамжинд жагсаж яваагүй ч даргаа өмгөөлөн тэмцэж яваа нэгэн. УИХ-д азаар орж ирсэн энэ эрхэм юм юманд хэтэрхий хүртээлтэй. Хуулийн төсл өө нарийвчлан уншаагүй байж л улс төр хийж, шүүмжлэхээ түрүүнд тавьдаг. С.Ганбаатар гишүүнтэй ээлжлээд хэвлэлийн хурал зарладаг, ярих юм нь олдохгүй болохоор Эрдэнэзуу хийдийн хархны талаар хүртэл асуудал хөндөж чаддаг “өргөн мэдлэгтэй” нэгэн. О.Баасанхүүгийн хийсэн бодит ажил гээд хэлчихээр юм байхгүй. Хуруу дүрэхээс хошуу дүрэхээ илүүд үздэг, манай УИХ дахь шоучин гишүүдийн нэг. Эцэст нь ард түмэн тэнэг биш. Хэн, юу ярив, түүнийгээ хэрэгжүүлсэн үү, үгүй юү гэдгийг ялгачихна. Ажил хий, амьдралд нийцтэй хууль гарга гэж УИХ-д бид төлөөллөө илгээдэг болохоос хошин шог тоглоод хөгжөөгөөд өг гэж сонгодоггүй. Сайхан ярьснаар, байнга телевизээр гарч, шударга, хүртээмжтэй нэгэн болох гэж жүжиглэснээр нь биш, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажил хийснээр чинь та бүхнийг үнэлэх болно.