Шинэчлэлийн Засгийн газар 2014 оныг “Монголдоо бүтээцгээе” уриатайгаар угтаж буй. Энэ хүрээнд бүтээн байгуулах, үйлдвэржилтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлж, айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөсөн талаараа Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Эдгээр ажлын нэг нь бизнес эрхлэгч болон жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зориулсан дэмжлэг юм. Тухайлбал, нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжиж, бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын таатай, шинэ орчин бий болгохоор зорьж буй. Мөн НӨАТ-ын дарамтыг багасган, татварт төлсөн нийт мөнгөн дүнгийнх нь 90 хувийг урамшуулалд буцаан олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарч, аймгуудын Жижиг, дунд үйлдвэржилтийн санд зургаан тэрбум төгрөг олгохоор төлөвлөжээ.
Өдгөө манай улс сүү, гурил, гурилан бүтээгдэхүүн, элсэн чихэр, нэхмэл эдлэл, хувцас, модон эдлэл, химийн бүтээгдэхүүн, төмрийн үйлдвэрлэл, бензин зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирдэг. Эдгээрийн дийлэнх хувийг эзэлж буй зарим бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх шаардлагатайг Ерөнхий сайд Н.Алтанхуяг дурдсан. Судалгаанаас үзвэл манай улс хэрэглээний сүүний 74 хувь, гурил, гурилан бүтээгдэхүүний 41 хувийг импортоор оруулж ирдэг байна. 100 хувь гаднаас импортолж, дотоодын хэрэгцээгээ хангадаг хоёр төрлийн бүтээгдэхүүн байдаг нь элсэн чихэр болон бензин. Шинэчлэлийн Засгийн газар 2014 оны төлөвлөгөөндөө дээрх хоёр бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх зорилт тавьж байгаа нь томоохон бүтээн байгуулалт бий болгож, гадагшаа чиглэсэн мөнгөний урсгалыг хаах боломжтой. Түүнчлэн нэхмэл эдлэл болон хувцасны 62 хувийг гаднаас хангадаг бол дотооддоо зөвхөн 38 хувийг нь үйлдвэрлэж нийлүүлдэг байна. Адил төрлийн бараа бүтээгдэхүүний импортыг багасгах нь нэхмэл эдлэл, оёдлын жижиг үйлдэрлэл эрхэлдэг иргэдийн борлуулалтын ашиг орлогыг нэмэгдүүлж, бизнес эрхлэх таатай орчныг бий болгох сайн талтай гэж үзэж буй.
Манай улс модон эдлэлийн 17-хон хувийг дотооддоо үйлдвэрлэж, 83 хувийг нь гаднын улс орнуудаас нийлүүлж байна. Харин химийн бүтээгдэхүүний 89 хувийг гаднаас авч, 11 хувийг дотооддоо, төмрийн үйлдвэрлэлийн 93 хувь нь гаднаас, долоон хувийг дотоодын бүтээгдэхүүнээр хангадаг гэх судалгаа бий. Тиймээс мөнгөний урсгалыг гадагшаа биш дотооддоо эргэлдүүлэх, хувийн хэвшил, бизнес эрхлэгч иргэд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж бизнесийн таатай орчныг бий болгох нөхцөл бүрдэж байгаа нь олон талын ач холбогдолтой гэдгийг Засгийн газрын тэргүүн онцолж байна. Наад зах нь ажлын байр нэмэгдүүлэх, тогтмол орлоготой болох, үндэсний брэнд бүтээгдэхүүнд монополь орчин бий болгох нөлөөтэй гэж үзэж буй. Үүнээс гадна нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох чиглэлээр олон төсөл хэрэгжүүлэх бөгөөд барилгын материал, арьс ширэн бүтээгдэхүүн, модон болон хуванцар эдлэл, хагас кокосжсон нүүрсээ гадагш нь гаргахаар төлөвлөж байгаа юм.
Г.ТЭРГЭЛ