“Шинэчилж шийдье-222” ээлжит уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын талаар баримталж буй бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд байгуулсан Хөрөнгө оруулалтын газраас энэ онд хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий 150 гаруй хүн уулзалтад оролцсон юм. Ерөнхий сайд уг арга хэмжээг нээж, үг хэлэхдээ “Монгол бизнест нээлттэй улс” хэмээн онцлон тэмдэглэсэн. Тэрбээр “Хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа явуулахад таатай, түвэг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх үүргийг Хөрөнгө оруулалтын газар хүлээж буй. Монголд хууль эрх зүйн орчин тогтворгүй гэсэн гомдлыг гадаадын хөрөнгө оруулагчид хэлдэг байсан. 2013 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаагаа явуулах шинэ нөхцөл боломжоор хангсан” гэв.
.jpg)
Манай улс өнгөрсөн жилийн байдлаар бизнес эхлүүлэх талаарх олон улсын судалгаанд 36 дугаар байраас 25-т бичигдэж, тодорхой ахиц гаргасан байна. Хөрөнгө оруулалтын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр эл байр ахина гэж ихээхэн найдлага тавьж буй. Учир нь зөвшөөрлөөс зөвшөөрлийн хооронд явж ирсэн “хамгаалалтын” шинжтэй хуучин тогтолцооны хүндрэлийг аль болох бүртгэлийн журмаар хөнгөвчлөх нь шинэ хуулийн зорилго аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь аливаа хөрөнгө оруулагч бизнес эхлүүлэхийн тулд салбарын яамнаас Засгийн газарт, Засгийн газраас дахиад яам руу очиж байж бүртгүүлдэг байсныг одоо хэд дахин хялбар байдлаар шийдэж байгаа юм байна. Тиймээс ч эл бүртгэлийн асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт тусгайлан хариуцуулахаар болжээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Жавхланбаатар хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, үр ашгийг нь нэмэгдүүлэх, мэдээллийг ил тод хүргэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэхээр зорьж буйгаа хэлж байлаа. Тодруулбал, тэд хөрөнгө оруулагчдыг мэдээллээр хангаж, бизнесийнхнийг төртэй холбох гүүр нь байж, шаардлагатай бол хөрөнгө оруулалтын талбай, орчинд бизнесийнхнийг аваачиж танилцуулах хүртэл арга хэмжээ авах гэнэ. Мөн хөрөнгө оруулагчдад бизнесээ эхлэхээс нь авахуулаад дуустал нь зөвлөгөө өгч туслах аж. Тиймээс ч тэнд тусгайлан бэлтгэсэн цөөнгүй мэргэжилтэн ажиллаж эхэлжээ. Тус агентлагийн дэргэд төр, хувийн хэвшлийнхний төлөөлөл бүхий Гадаадын хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулсан байна. Мөн гурван хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй Хөрөнгө оруулалтын газарт 21 хүн ажиллаж байгаа аж.
Дашрамд дурдахад, энэ сарын сүүлчээр Давосын чуулга уулзалт болох бөгөөд Монголын эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчны талаар хөндөн ярилцах болно гэж Ерөнхий сайд хөрөнгө оруулагчдад хэлж байлаа.
Б.НОМИН