Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамдын хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн газрын захирлуудын анхны зөвлөлдөх уулзалт 2014 оны 1 дүгээр сарын 13-нд Бээжин хотноо болж, Монгол Улсын ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр, БНХАУ-ын ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн газрын захирал Чин Ган нар тус тус даргалж оролцов. Зөвлөлдөх уулзалтаар хоёр орны ард түмний харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг чухал болохыг талууд тэмдэглэж, сэтгүүлч хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Хятадын тал монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын байнгын төлөөллийг нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлэхийн зэрэгцээ хоёр орны сэтгүүлчийн солилцоог идэвхжүүлэхээ мэдэгдэв. Монголын тал энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх санал тавив. Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МОНЦАМЭ, News.mn, MNC зэрэг байгуулагын төлөөлөл оролцсон бөгөөд тэднийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жан Мин, Худалдааны яамны Азийн газрын дэд захирал Сүн Яаомин нар тус тус хүлээн авч санал солилцов.
Мөн манай сэтгүүлчид Хятадын олон улсын радио, Синьхуа агентлагт зочилж удирдлагуудтай уулзлаа. Зөвлөлдөх уулзалт нь өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд болж буй бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буй энэ жилийн анхны арга болсноороо онцлог юм.