Мэргэжлийн дугуйчид Тур де Африкийг хүний тэсвэр тэвчээрийг шалгадаг уралдаан гэлцдэг. Анх европ голдуу мэргэжлийн есөн дугуйчин Африк тивийг хөндлөн туулахаар шийдэж, анхны аяллаа эхлүүлжээ. Тэр жил Австрийн дугуйчин Саша Хэртл 10 мянган км замыг бүтэн дөрвөн сар туулсан гэдэг. Энэ амжилтаараа Саша Гиннесийн номд бүртгэгдсэн аж. Тэр үеэс уг тэмцээн жил бүр уламжлал болон зохиогдох болжээ.
Энэ жилийн гараа нэгдүгээр сарын 10-нд Суданы нийслэл Хартум хотоос эхэлсэн. Тамирчид дөрвөн сарын турш 12 мянган км туулж, Өмнөд Африкийн Кейптаунд барианд орох учиртай. Өмнө нь Египетийн Каир хотоос эхэлдэг байсан ч өнөө жил тус улсад эмх замбараагүй байдал газар авсан тул тамирчдын аюулгүй байдлыг хангах үүднээс зохион байгуулагчид ийн шийдсэн гэнэ. Тамирчид хар тивийн есөн улсыг туулж, олон саад бэрхшээлийг давж гарах ёстой.
Тодруулбал Танзанийн нутагт орших Килиманжаро уулыг даваад, зэрлэг ан амьтан ихтэй Серенгети, Мозамбикийн Малави нуур, Зимбабвегийн Виктория хүрхрээ, алдарт Намибийн цөл гэх мэт олон газар явж, байгалийн саад бэрхшээлийг туулдаг. Энэ хугацаанд дугуйчид 20 орчим хоног амрах эрхтэй. Уралдаан нийт 100 гараатай бөгөөд тус бүр 40-200 км-ийн зайтай оршдог. Тэмцээний үеэр байгалийн олон бэрхшээл тохиолдох нь мэдээж. Тухайлбал хоёр, гуравдугаар сард Танзанид борооны улирал эхэлдэг бол Намибийн цөлд элсэн шуурга болох нь ердийн үзэгдэл билээ. Анх зохиогдож эхэлснээс хойш нэгээс олон түрүүлсэн дугуйчин гараагүй нь ямар чансаатай тэмцээн болохыг нь батална. Энэ жил 13 орноос дугуйчид иржээ. Тэднээс хамгийн залуу нь 22 настай Алессандро Маури. Түүний аав нь итали бол, ээж нь Өмнөд Африкт төрсөн.
Эхний уралдаандаа оролцож буй Маури“Би үргэлж Африкт аялахыг мөрөөддөг байсан. Бүх саад бэрхшээлийг туулж, барианд орно гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн өгүүлжээ. Харин ахмад оролцогчоор Канадын иргэн Сандра МакМиллан тодров. Цагтаа үл хөдлөх хөрөнгийн агентаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Сандра таван хүүхдийн ээж. 73 настай тэрбээр 2003 оноос хойш тус тэмцээнд завсаргүй оролцож байна. “2001 онд 18 настай охин маань автомашины ослоор өөд болсон юм. Түүний хүсэл нь Африк руу аялах байлаа” хэмээн МакМиллан ярьжээ. Өнгөрсөн жил тус тэмцээнд хамгийн олон буюу 23 эрэгтэй, есөн эмэгтэй тамирчин уралджээ. Харин энэ жил 11 эрэгтэй, долоон эмэгтэй тамирчин өрсөлдөж байна.
Сонирхуулахад тэмцээний зохион байгуулагчид ирэх оноос зөвхөн Африк тивд ч бус, бусад тивээр уралдаан зохиохоор төлөвлөсөн гэнэ.
Э.ТЭМҮҮЛЭН