Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ)-аар жил бүр нэг орныг сонгон авч, хөгжлийнх нь стратегийн талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн жил ОХУ-ыг сонгосон бол энэ жил Монголыг онцоллоо. Сүүлийн жилүүдэд Монгол Улс тус байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, олон чухал санаачилгуудыг хэрэгжүүлж байгаа нь Монголын хөгжлийн стратегийг тодорхойлох энэхүү хэлэлцүүлгийн урьдач нөхцөл байв.
Хэлэлцүүлгийн модератороор ДЭЗЧУ-ын Ойрхи Дорнодын бүсийн төлөөлөгч, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, ДЭЗЧУ-ын зохион байгуулалт хариуцсан захирал Эспен Батт Эйди, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын захирал Мартин Дахинден, Японы Ерөнхий сайдын зөвлөх Койчи Хамада, Чилийн Адолфо Ибанезийн их сургуулийн профессор Эрик Парадо, Колумбийн их сургуулийн дэлхийн хүрээлэнгийн захирал Жефри Сагс нарын олон улс, дэлхий дахинд нөлөө бүхий зочид оролцсон юм.
ДЭЗЧУ-ын зүгээс өнгөрсөн оны едүгээр сард Монгол Улсад зочлон 200 гаруй экспертүүдтэй уулзаж, судалгаа шинжилгээнд тулгуурлан Монголын хөгжлийн стратегийн гурван хувилбарыг гаргасныг тойрч ярилцав. Монголын хөгжлийн хандлагыг байж болох хамгийн өндөр түвшинд, мөн дундаж түвшинд болон ердийн түвшинд гэсэн гурван янзаар авч үзэв. Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эдгээр хөгжлийн зураглалын аль нэгээр нь Монгол Улс хөгжинө гэхээс илүү цаг үе, эдийн засаг, нийгмийн хандлагаас хамаарч өөрчлөгдөж болно. Гэхдээ бид том төрөөс ухаалаг төр рүү шилжихээр ажиллаж байна. Судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хуулийн засаглалыг дээдэлсэн ухаалаг төрийг бий болгосноор Монголын хөгжлийн зураглал илүү өөдрөг байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв. Мөн Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг онцолсон юм.