УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас Ерөнхий сайдад тавьсан Дархан-Сэлэнгийн бүсийн ордуудыг түшиглэн барих төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явц, дотоодын хувийн хэвшлийн оролцоо болон цаашид авах арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонслоо. Асуулгын хариуг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан. Хэд хэдэн яамны хамтарсан Ажлын хэсэг “Монгол төмөр” хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд дотоодын төмрийн хэрэглээ болон төмрийн хүдрийн нөөц болон төмөр, төмөрлөг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нөхцөлийг бүс нутгийн хэмжээнд судлах, байгаль орчинд халгүй, шилдэг технологи нэвтрүүлэх талаар санал боловсруулахаар ажиллаж буйг дуулгалаа. Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барьж байгуулах “Монгол ган” төсөл, “Монголросцвемет” ХК-ийн Баргилтын уурхайг түшиглэн төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барьж байгуулах төсөл, “Бэрэнгрупп” ХХК-ийн барилгын арматурын үйлдвэр байгуулах төсөлд шаардагдах 50 сая ам.долларыг “Чингис” бондын хөрөнгөөс гаргахаар Засгийн газрын 2013 оны долдугаар сарын 6-ны өдрийн 256 дугаар тогтоолоор шийдвэрлэжээ.

2015 онд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг өргөтгөн, хар төмөрлөгийн цогцолбор байгуулахаар “Кью Эс Си” ХХК-тай хамтран ажиллаж, одоогоор 81.3 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна. Түүнчлэн тус үйлдвэр Төмөртолгой, Төмөртэй, Хуст уулын төмрийн хүдрийн ордуудаа түшиглэн шинээр уурхай нээх, үйлдвэрлэлээ өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд Төмөртэйн уурхайд Хуурай соронзон баяжуулах үйлдвэр байгуулах, Төмөртолгойн уурхайд хуурай аргаар баяжуулах шинэ шугам барих, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дээр нойтон аргаар баяжуулах үйлдвэр, Гангийн үйлдвэрийн өргөтгөл барихаар төлөвлөн ажиллаж буй гэнэ. Төмөртэйн уурхайд АНУ-ын “Trio” фирмийн 750 тн/цаг хүдэр боловсруулах хүчин чадал бүхий хуурай соронзон аргаар баяжуулах үйлдвэрийн угсралтын ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэнэ. Үйлдвэрийг барьснаар 80-90 хүний ажлын байр бий болох аж.
Харин С.Ганбаатар гишүүн “Гарт баригдах зүйл алга. Дутуу зүйл байгаа бол УИХ-д оруулж ирээч. Нано технологи болон усны судалгааг хармаар байна” гэж байлаа. Мөн энэ өдөр Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг ярилцлаа. Эл асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэн нэлээд ярилцсан ч МАН-ын бүлгээс энэ хуулийн төслийн талаар Засгийн газраас саналыг нь автал завсарлага авсан юм. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталснаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэхээр боллоо. Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцлээ. Эдгээрийг Сангийн сайд Ч.Улаан “Бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэл” хэмээн онцолсон.
Төсөлд уул уурхай, ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний импорт, газрын тосны экспорт, үүрэн холбооны операторын үйлчилгээ, архи, спирт, тамхи зэргээс бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байна. НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх борлуулалтын орлогын хэмжээг 10 сая төгрөг байсныг 50 сая байхаар, сайн дураар бүртгүүлэх босгын хэмжээг 10 сая байхаар өөрчлөх гэж буй.
Б.УРАН