“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг цагаатган, даруй суллахыг Төрийн бус байгууллагынхан шаардаж эхэллээ. Тэдэнд оноосон шийтгэлийг эргэн харж, өршөөл үзүүлэхийг Ерөнхийлөгчөөс хүсэх гэнэ. Улмаар дэмжигч иргэдийн гарын үсэг цуглуулж байгаа талаар өчигдөр мэдэгдэв. Тэдний талд нэг биш УИХ-ын гишүүн байгаагаа өмнө нь мэдэгдсэн. “Байгаль орчин, эх орныхоо төлөө тууштай тэмцэгч, дэлхийн байгаль хамгаалагчдын “Goldman Environmental Prize” шагналтан Ц.Мөнхбаяр төрийн албанд шургалсан авлигачдаас тэс ондоо хүн. Монголд эх орон, газар нутгаа хамгаалсан нь ял эдэлж, худалдсан нь тэрбумтан болдог жишиг тогтох ёсгүй. Хүн бүр хуулийн өмнө адил тэгш байх ёстой” гэсэн хиурыг тэд толгой дээрээ барьжээ.
Ц.Мөнхбаяр болон түүний хамтран зүтгэгчдийн өнгөрсөн он жилүүдэд явуулсан үйл ажиллагааны гол чиглэл нь эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, гол нуурын ундарга, ай сав газрыг хамгаалахад хандаж, тэр хэрээр олон нийтээс оноо авч явсан өдрүүд бий. Ямарваа үйл ажиллагаа савнаасаа халих учиргүй. Өөрөөр хэлбэл, эх орны төлөө тэмцэл ч хуулийн хүрээнд л явах учиртай. Ц.Мөнхбаяр болон түүнийг дагалдагчид өөрсдийн зөвд өө хэт итгэж, хууль ёсыг давж гишгэх гээд байгаа нь нэлээд эртнээс анзаарагдсан. Үүний жишээ нь “Пураам” хэмээх компанийн кэмп рүү буудсан хэрэг. Морь унаж, мод далайн, буу үүрч, бусдыг дарамтлан мөнгө төгрөг нэхсэн тухай ч яригдаж байсан. Тэмцэж байна гээд сагаж эхэлсэн тэдний эдгээр үйлдэл эцэстээ төрийн тусгай хамгаалалттай бүсэд буу барин танхайрах, олон нийтийн эзэмшил газар, иргэд олноор зорчдог хотын гудамжинд тэсрэх бодис тавих хүртлээ даварсан.
Монголын түүхэнд урьд хожид үзэгдэж, дуулдаагүй хэрэг өдүүлснийхээ төлөө Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу ял зэм хүртэв. Буруутан л зэмлэл хүртдэг. Ц.Мөнхбаяр бол буруутан мөн. Монголыг тэр аяар нь цочоосон хэрэг үйлдсэн нь үнэн. Иргэд засаг төрдөө шаардлага тавьж болно. Жагсаал, цуглаан хийх эрх бидэнд хуулиар олгогдсон. Харин Төрийн ордон руугаа буу шагайх, гудамж, цэцэрлэгт тэсрэх бодис тавих эрх байхгүй. Бид тиймдээ ч тулаагүй. Тэгэхээр Мөнхбаяр буруутай. Тэр ч байтугай цагаатгах боломж ч түүнд үгүй. Байгаль орчны төлөө тэмцдэг, Олон улсын байгууллагын шагнал авсан энэ тэр нь түүний хуулийг “жадалсан”, төрийг онилсон, түмнийг хирдхийлгэсэн балмад үйлдлийг цайруулах шалтгаан болохгүй.
Д.ГАРЬД