2014 оныг хоолны технологийн шинэчлэл, амт чанарын жил болгон ажиллаж буй “Grand lux” зоогийн газрын мастер тогооч Н.Бумцэрэн энэ удаа тун догь зуушаар дайллаа. Ази, Европ хоолны соёлыг “сүлсэн” эл зуушнаас япончуудын өргөн хэрэглээ болсон киккоман цуу, цагаан будааны хүчил (уксус)-ийн исгэлэн, европ зүгийнхний хамгийн дуртай амтлагч гичний болон сармисны хэл даривгануулсан амт мэдрэгдэнэ. Гэхдээ эдгээр хурц амтыг чидуны тосны зөөлөн, элсэн чихрийн нялуун амт нэлээд дарах аж.
ЗУУШНЫ ОРЦ, ХИЙХ АРГА:
Тахианы гуя-1 ш
Яншуй-10 гр
Улаан, шар амтат чинжүү-80 гр
Гашуун ногоон чинжүү-20 гр
Шинэ өргөст хэмх-60 гр
Салат навч-50 гр
Тахианы махыг яснаас нь салган, бага зэрэг давтана. Эхлээд 180 хэм халаасан хайруулын тавагт махыг хоёр талаас нь тус бүр 5-7 минут шарж, хайрдас тогтоогоод галаа зөөллөнө. Үргэлжлүүлэн мөн л хоёр талаар нь эргүүлэн 10 минут орчим шараад, давс, перцээр амтлахад мах бэлэн болно. Өргөст хэмхийг хальсалж, уртааш нь хуваагаад, нимгэн хавтгай, чинжүүнүүдийг савхан хэлбэртэй хэрчинэ.
Салат навчийг угаагаад усыг нь сайтар хатаасны дараа хэдэн хэсэг болгон хэрчээрэй. Чинжүү С аминдэмээр баялаг учраас бүх төрлийн махан хоолтой хамгийн сайн зохицож, шингэцийг сайжруулдаг гэнэ. Хэрчсэн ногоонуудыг тавган дээр үелэн зулж тавиад, бэлтгэсэн сүмснээс жигд дусаана. Үүн дээр шараад, урт савхан хэлбэртэй хэрчсэн махыг тавина.
Хоолноос дутахгүй өег энэхүү зуушаар зочдоо дайлж, сайхан шинэлээрэй.
СҮМС ХИЙХ АРГА,
ОРЦ: Киккоман цуу-30 гр
Цагаан будааны хүчил-15 гр
Гич-15 гр
Элсэн чихэр-15 гр
Чидуны тос-60 гр
Сармис-2 хумс
Цуу, будааны хүчил, гич, элсэн чихрийг нэг саванд хийж хутгана. Үүн дээрээс тосыг бага багаар хийж, яг л майонез зуурахтай адил хутгагчаар сайн хольж өгөөрэй. Ингэснээр тос болон бусад бүтээгдэхүүн тус тусдаа ялгарахгүй нэгэн жигд болдог аж. Хамгийн сүүлд жижиглэн үрсэн сармис хийгээд дахин сайтар хутгаад сүмс бэлэн болов. Дээрх орцоор бэлтгэсэн сүмсийг нэг сар хүртэл хугацаанд хадгалж, хэрэглэж болох бөгөөд удаан байлгах тусам улам амттай болдог гэсэн.