МАХН-ын дарга Н.Энхбаяр их улс төрд эргэн ирэх тухай мэдээлэл сүүлийн хэд хоног цахим ертөнцөөр “нисэв”. БНСУ-д “харлачихаагүй” л бол эх орондоо эргэж ирэх нь тодорхой. Улс төрийн тухайд түүний орон зай оршсоор байгаа нь нууц биш. МАХН нэрийг сэргээх санаачилгыг гаргасан цагаасаа тэр хөшигний ард ажилласан. 2012 оны дөрөвдүгээр сарын 19-нд энэ эрхмийг гэрээс нь сүр дуулиантай баривчилснаас хойш өнгөрсөн онд Ерөнхийлөгч уучлал үзүүлснээр шоронгийн эмнэлгээс суллагдаж, эдүгээ БНСУ-аас намаа удирдаж байгаа билээ. Н.Энхбаярын эмчилгээ хараахан дуусаагүй учраас ирэх болоогүй гэнэ.
Намынхан нь энэ сарын 8-нд БНСУ-ыг зорьж, даргатайгаа золгохоор төлөвлөж байгаа гэх. Эхлээд далдаас, дараа нь алсаас МАХН-ыг удирдаж, түүгээрээ дамжуулаад улс төрийг ч бужигнуулаад амжиж буй юм. Н.Энхбаярын цэргүүд МАН-тай хэдэн сарын турш нэр булаацалдан тэмцэлдсэний эцэст буюу 2011 оны аравдугаар сарын 19-нд Дээд шүүхэд Монгол ардын хувьсгалт нам хэмээн бүртгүүлсэн. МАН харин хуучин нэрээ, туулсан түүхтэйгээ тэдэнд алдчихгүйн тулд МАХН гэж товчилж болох бүх нэрийг түрүүлэн өмчлөх гэж хичээсэн хошин шог тоглосон. Гэвч нэмэр болоогүй. Эцэст нь 2012 оны сонгуулийн өмнө Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг “унтаж” байх зуур Н.Энхбаярыг гэрээс нь баривчилсан. Ингэснээрээ харин ч МАХН-ыг УИХ-д 11 суудал автал ард түмэнд түүнийг үнэгүй сурталчлаад өгсөн билээ. МАН-д байхдаа л Н.Энхбаярын ивээл дор байсан гэгддэг Г.Шийлэгдамба эдүгээ ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй. Гэвч түүнийг дэвшүүлэн зайлуулах талаарх яриа өнгөрсөн намраас өрнөсөн.
БНСУ-д эмчлүүлж буй дарга дээрээ гишүүд нь үе үе зочилж, мэдээлэл хүргэн заавар аваад буцдаг. Ээлжит ийм “айлчлал”-ын үеэр ерөнхий нарийн бичгийн даргыг солих тухай яриа өрнөсөн хэмээн тухайн үед хэвлэлээр бичиж байсан. Н.Энхбаярыг баривчилсны дараа МАН-аас Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар МАХН-д орсон түүхтэй. Тухайн үед тэдэнтэй зам нийлнэ хэмээн шуугиж байсан нэг хүн нь одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Энэ яриаг эрхэм гишүүн тухай үед үгүйсгээд өнгөрсөн. 2013 онд бүр МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл өрсөлдсөн. Гэтэл саяхнаас түүнийг МАХН руу “явах” гэж байгаа тухай мэдээлэл дахиад л цацагдав. “МАН түүнд итгэж, Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нэр дэвшүүлж байхад арай хуншгүй юм” гэх шүүмжлэл тэр даруйд дагасан ч гишүүн уг мэдээллийг бас л үгүйсгэсэн. Ингэж байтал МАН-ын сайн хуульч, боломжийн улстөрчдийн нэг, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж МАХН-ын гишүүнчлэлээ сэргээв. Тэгмэгц “Шийлэгдамбыг Шаравдоржоор солих нь” гээд шуугилаа. Алсаас удирддаг, “нууц ноёнтон” болох даргаа солих, ерөнхий нарийн бичгийн даргаа өөрчлөх ёстой гэсэн байр суурьтай хэсэг гишүүн нь их хурлаа хуралдуулахыг шаардаж ч үзсэн.
Нэг ёсондоо Н.Энхбаярыг эзгүй байх зуур нам дотор нь “салан тусгаарлагчид” мэндэлж эхэлжээ. УИХ-д “Шударга ёс” эвслийн авсан 11 суудлын зургаа нь МАХН-ынх. Эл зургаан гишүүн намын даргынхаа нэрийг цэвэрлэхийн тулд Өршөөлийн хууль санаачлаад зүтгүүлж буй. Тэднээрээ дамжуулаад Н.Энхбаяр улс төрийн өдөр тутмын амьдралд оролцоод байдаг. Гэхдээ том зүйл ярихаас илүүгээр тэрбээр нам дотроо үүссэн асуудлыг цэгцлэх хэрэгтэй болж байх шиг. МАХН их хурлаа ирэх дөрөвдүгээр сард товлосон сурагтай. Үүгээр генсекээ өөрчлөх эсэх нь тодорхой болох биз ээ.
С.ТУУЛ