Сар бүрийн эхний долоо хоногт аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал өчигдөр боллоо. Энэ удаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч нэгдүгээр сарын ажлаа дүгнэж, хоёр, гуравдугаар сард хийхээр төлөвлөсөн болон “Монголдоо бүтээцгээе” зорилтын хүрээнд энэ онд хийх гол ажлуудаа тоймлон танилцууллаа. Энэ онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох юм байна. Мөн экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн 1151 төсөл хүлээж аваад эхний сонгон шалгаруулалтыг хийж байгаа аж. Дулааны станцгүй байгаа есөн аймагт станц барих талаар Засгийн газрын түвшинд ярьж байгааг Ерөнхий сайд онцолсон. Үүнд шаардлагатай 2-3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, үлдсэнийг нь хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлэхээр санал гаргаад байгаа юм байна.
Засгийн газрын тэргүүний өнгөрсөн жилийн хөрөнгө оруулалтын 50 тэрбум төгрөгийн төсвөөс 25 тэрбум төгрөг зарцуулж, 11 аймгийн төвд оношлогооны төв байгуулж буй. Оношлогооны төвийн байраа бэлэн болгосон Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Увс аймаг тоног төхөөрөмжөө хүлээж аваад байгаа бөгөөд бусад аймаг шуурхайлахыг үүрэг болгов. “Шинэ сумын төв” төслийн хүрээнд аймаг бүрт нэг сумын төвийг загвар болгож хөгжүүлэх тул төсөл хэрэгжүүлэх сумаа сонгож, саналаа ирүүлэхийг энэ үеэр мөн дуулгасан юм. Мөн энэ өдөр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж, ажлын төлөвлөгөө бүхий албан бичгийг орон нутагт хүргүүлэхээр болжээ. Энэ жил төрд данстай байшин барилгуудыг худалдах, дуудлага худалдаанд оруулах, түрээслүүлэх ажлыг энэ сараас эхлүүлэхээр болжээ.
Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын шинээр баригдах барилгыг удахгүй дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн гэнэ. Түүнчлэн өнгөрөгч сард эмийн худалдаа, үнийн асуудлаар тодорхой арга хэмжээ авч ажилласны дүнд энэ сард багтаан эмийн талаар тодорхой бодлого гаргаж, үнэ, чанарт нь анхаарлаа хандуулж, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулаад буй гэлээ. Үүнээс гадна энэ сарын 10-аас мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт орон даяар эхлүүлэх учраас бүртгүүлсэн хүмүүсийн мэдээллийг нягталж, сургалт эхлэх бэлтгэлийг хангах үүргийг аймгийн удирдлагуудад өглөө. Энэ жил мэргэжилтэй 7000 ажилтан бэлтгэнэ.
Б.НОМИН