УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хоанг Туан Тхинийг эх орондоо буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Элчин сайд энэ үеэр Монгол Улсад ажиллаж байх хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн УИХ-ын болон Гадаад харилцааны яам, төрийн бусад байгууллага, Монголын ард иргэд баярлаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн энэ онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Вьетнамын Үндэсний Ассамблей болон УИХ-ын хамтын ажиллагаа улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Харин УИХ-ын дарга З.Энхболд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад хандан Монгол Улсад ажиллах хугацаандаа төрийн дээд, өндөр хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан идэвх чармайлттай ажиллаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болсон гэж үзэж буйгаа хэлсэн байна. Түүнчлэн энэ өдөр УИХ-ын дарга Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Гөүлдхокыг хүлээн авч уулзав. З.Энхболд Элчин сайдад сар шинийн мэнд дэвшүүлж, өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Канад Улсын Амбан захирагчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал үр дүнтэй болсныг онцлон дурдсан байна.
Мөн хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол, Канадын Засгийн газар хоорондын хэлэлцээр /FIPA/- ийн Ажлын хэсгийг хуралдуулж, хэлэлцээг үргэлжлүүлэх байр сууриа илэрхийлэв хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.