Улс төрийн намуудын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийн хүрээнд олон санал сүлэлдсээр байна. Бусдад харуулах бэлэн төсөл бий болоогүй ч гол зарчмуудаа тоймлочихоод санал солилцож буй гэх. Үүний нэг нь тогтвортой төр бий болгоход чиглэсэн “УИХ-д суудал авсан нам бүр Засгийн газарт багтана” гэсэн зарчим.
Олонх, цөөнх гэж талцчихаад ард түмний амьдралд хүртээмжтэй, хөрсөн дээр буусан хууль боловсруулахаасаа илүү улстөржиж, аль нэг намын эрх ашгаа хамгаалан зөрчилддөг буруу тогтолцоог энэ зарчим хална гэж үзэж буй аж. УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр олонхийн суудал авсан нам, эвсэл Засгийн газраа бүрдүүлдэг. Зургаан удаагийн УИХ-ын сонгуулийн дүнд 1992, 2000 онд одоогийн МАН дийлэнх олонхийн буюу 71-72 суудал авч, Засгийн газраа дангаар бүрдүүлж байсан. Үүнээс бусад үед сонгогчид нэг намд дийлэнх олонхийн санал өгөөгүй юм.
1996 онд МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч Засгийн газраа дангаар байгуулсан нь бий. Уг сонгуулиар МАХН 25 суудал авч, хүчтэй сөрөг хүчин болсон. Хүчтэй сөрөг хүчинтэй байхын “ач холбогдол”-ыг тухайн үед нийгэм, улс орон мэдэрсэн. Байнгын гацаа, зөрчил, завсарлагаас болоод төрийн ажил ч урагшилдаггүй байжээ. Эл дөрвөн жилд дөрвөн ч удаа Засгийн газраа сольж, улс төрийн тогтворгүй байдал жинхэнэ утгаараа үүсч байсан билээ. Ийм гашуун туршлагаас ч болсон уу, 2008 оноос хойш дангаараа Засгийн газраа байгуулах зоригтон гараагүй юм. Сонгогчид ч АН, МАН-д ойролцоо санал өгч, үлдсэн орон зайг гуравдагчдад зориулах болсон. 2008 оны сонгуульд МАН мөн л олонхио дангаар бүрдүүлэх боломж байсан ч сөрөг хүчин АН-тай хамтарч Засгийн газар байгуулсан түүхтэй. УИХ-д сөрөг хүчингүй байсан тэр он жилүүдэд Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэх мэтээр улс орны амьдралыг урагшлуулах, хөгжлийн томоохон төслүүдийг баталж гаргасан. Энэ бол сөрөг хүчингүй байхын давуу талыг харуулсан үе байв. Тиймээс Улс төрийн намуудын тухай хуульд УИХ-д суудал авсан нам бүрт Засгийн газарт орох боломж олгох зохицуулалт хийх нь зөв гэж үзэж буй юм билээ.
Хамгийн олон суудал авсан намаас Ерөнхий сайдыг томилно, нэг ч суудал авсан хамаагүй бүх намд Засгийн газрыг хамтарч байгуулах санал тавина. Мэдээж тухайн нам “хүрд эргүүлэх” боломжоос татгалзах эрх нь нээлттэй байх гэнэ. Энэ асуудлаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүхийн байр суурийг сонирхоход “Сайд нарыг УИХ дотроос сонгодгийг шүүмжилж байгаа үед УИХ-д суудал авсан гэхээс илүү гаднах намуудтай хамтарч Засгийн газраа байгуулсан нь зөв. Суудал авсан намууд УИХ-ынхаа хууль тогтоох ажлаа хийх хэрэгтэй. Ингэвэл хаа хаанаа жинхэнэ тогтвортой байдал үүснэ шүү дээ” гэлээ.
Өнөөдөр улс төрийн намуудын төлөөлөл уулзаж, дээрх хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг хийх юм билээ. УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийн ахлагч С.Баярцогт ч оролцох гэнэ. УИХ-д суудал авч чадаагүй намыг татан буулгах тухай санал Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг боловсруулах явцад гарч, нэг хэсэг шуугиан, шүүмжлэл дагуулсан. Энэ үеэр УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл АН-ын бүлгийн даргатай уулзаж, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчихгүй байхыг сануулсан гэх. Тэгвэл хуулийн төсөл тойрсон санал бодлоо намуудын төлөөлөл өнөөдөр болох уулзалт дээр дэлгэрэнгүй ярилцах биз ээ.
С.ТУУЛ