УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнгөрөгч чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, А4 хэмжээтэй найман нүүр материал сэтгүүлчдэд тараав. Тайлангийн хугацаанд тус Байнгын хороо 60.7 хувийн дундаж ирцтэйгээр есөн удаа хуралдаж, давхардсан тоогоор 19 асуудал хэлэлцсэн гэнэ. Эдгээрээс Байнгын хорооны эрхлэх асуудалтай шууд холбоотой ганц хууль батлагдсан нь Ерөнхийлөгч санаачлан өргөн мэдүүлсэн Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль. Харин хэлэлцсэн хэдий ч батлаагүй нь Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга.
Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан асуудлуудаас БОХХАА-н байнгын хороонд “данстайгаар” хэлэлцэн батлагдах хуулийн төслүүд хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар тус Байнгын хорооны дарга Г.Баярсайханаас тодруулахад, “Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын агуулга өргөн учир ирэх чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай. “Урт нэртэй” хуулийн Ажлын хэсэг ажиллаж байгаа” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдсан юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаж, тогтоолоор батлагдсан асуудлуудаас БОХХАА-н байнгын хороонд шууд хамаатай нэг ч төсөл өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд батлагдсангүй. Олон хуудас тайлангийн цаана бодит байдал нэг иймэрхүү байна. Ийм байдал нь ганц Байнгын хорооны бус энэ чуулганы нийтлэг дүр төрх. Учир нь өнгөрөгч чуулганаар хэлэлцэхээр дарааллыг нь баталсан 19 асуудлаас дөнгөж есийг нь л хууль болгожээ. Тэгэхээр энэ нь 47.3 хувийн гүйцэтгэлтэй F үнэлгээтэй тайлан байж таарах нь.
БАТАЛСАН
1. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2. Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3. Нийгмийн даатгалын сангийн 2014 оны сангийн тухай хуулийн төсөл;
4. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл;
5. Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6. Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
7. Хилийн боомтын тухай хуулийн төсөл;
8. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
9. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
БАТЛААГҮЙ
1. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэх үеэр МАН-ын бүлэг завсарлага аваад буй);
2. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (анхны хэлэлцүүлгийн шатанд) ;
3. Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл (анхны хэлэлцүүлгийн шатанд)
4. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (анхны хэлэлцүүлгийн шатанд)
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл (Хэлэлцэх эсэхийг нь холбогдох Байнгын хороо хэлэлцэн шийдвэрлээгүй байна)
6. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн);
7. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (анхны хэлэлцүүлгийн шатанд);
8. Газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (анхны хэлэлцүүлгийн шатанд)
9. Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (анхны хэлэлцүүлгийн шатанд);
10. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үеэр АНын бүлгээс завсарлага аваад буй);
11. Бусад.
Батлаагүй зарим төсөл нь хэд хэдэн чуулган дамжин яригдсан ч хэлэлцэх эсэхээс хэтрээгүй байдалтай. Хууль батална гэдэг нь УИХ, түмний төлөөлөл болсон эрхэм гишүүдийн хаашаа ч зугтах аргагүй цор ганц үүрэг байлтай. Гэвч тэдний ажлын гүйцэтгэл, биелэлт даанч хангалтгүй байгаагийн нэгээхэн илрэл энэ. Хуралдаа суудаггүйн гор тэр. Үнэндээ дээрх жагсаалт нь 2013 оны хаврын ээлжит чуулган завсарлахын урьд намрын чуулганаар хэлэлцэнэ гэж баталсан дараалалд багтсан асуудлуудаас даруй 10 гаруйг нь хассан цомхон хувилбар байсан юм. Тодруулбал, сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулга, татварын багц хуулиуд болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэхчилэн зарчмын шинжтэй, суурь хуулиудаа өнгөрөгч намрын чуулганд оруулаагүй юм. Хэдийгээр хэлэлцэх асуудлын дараалалд орж ирээгүй ч шинэ УИХ, шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахтай хамт, магадгүй түүнээс өмнө ярьж ирсэн эдгээр асуудлуудыг урагшлуулах чин эрмэлзэл олонх, цөөнх, нам, эсвэл гэлтгүй бүгдэд нь байх учиртай. Үүний илрэл болж УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгүүдийн түвшинд ахиц гарч, ядаж ганц асуудлаар ч болов нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Гэвч тэгээгүй. Энэ хугацаанд эрхэм гишүүдийг эрхэлж, наадсан гэж гоочлох гэсэнгүй. Гагцхүү хэлэлцэх асуудлын адагт байрлах бусад асуудлын хүрээнд өргөн барьсан элдэв төслийг өглөө нь хүлээж аваад өдөр нь хэлэлцдэг баймааргүй байна.
Дараалалд орсон асуудлууд руу өнгийхгүй хэрнээ дөнгөж орж ирсэн төслийг шүүрч аваад байгаа нь УИХ хэлэлцэх асуудалгүй болоо юу гэж бодоход хүргэж байсныг нуух юун. Харин үүний оронд хэдийнэ хүлээлт үүсгэсэн дээрх хуулийн төслүүдээ урагшлуулбал яасан юм. Ингээд зогсохгүй “эх барьж авахыг” чинь хүлээсэн төсөл яам, тамгын газраар дүүрэн байна, цаана чинь. Энэ бүхнийг хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал зарлаж, “Хийсэн ажил минь энэ” гэж хэлэх нь бардам хэрэг биш гэж үү, гишүүд ээ.
Б.НОМИН