“Чамлахаар чанга атга” гэдэг. Өндөр настны тэтгэврийг энэ сараас тодорхой хувиар нэмсэнд ахмадууд сэтгэл ханамжгүй байгаа тухай мэдээлэл энэ үгийг санагдууллаа. Ингэж гомдоллож буй зарим нь тэтгэврийн доод хэмжээ болох 180 мянган төгрөг 207 мянга болж 15, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ болох 145 мянган төгрөг 172 мянга болж 18.6 хувиар нэмэгдсэн нь хамгийн өндөр нь. Харин 201-600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүмүүсийнх 22 мянган төгрөг буюу 3.7-11, 601-800 мянган төгрөгийн тэтгэвэр 20 мянгаар нэмэгдсэн нь хоёрхон хувь” хэмээн чамлаж байгаа юм. Гэвч энэ удаагийн тэтгэврийн нэмэгдэлд Засгийн газраас баримталсан бодлогын цөм нь бага тэтгэврийг их, их тэтгэврийг бага хувиар нэмэгдүүлэхэд оршиж буй. Тиймээс хамгийн доод хэмжээгээр тогтоогдсон тэтгэврийн хэмжээ 30.8 хувь хүртэл нэмэгдсэн бол харьцангуй өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийнх 10 гаруй хувиар нэмэгдсэнийг салбарын сайд нь албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь цалин, тэтгэврийн нэмэгдлийн хувь, хэмжээг урьдчилан зарлах байдлаар шийдвэрлэхгүй гэсэн зарчмаа баримталсан, урьдын алдаа, дутагдлаа давтахгүйг хичээсэн оролдлого юм.
Тэтгэвэр нэмэгдүүлэх тогтоол Засгийн газрын нэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар “мэндэлсэн” ч Цагаан сарын баярын өмнө нийтэд зарлахаа азнасан нь уламжлалт Сар шинийн баярын өмнө юмны үнэ нэмэгдэхээс сэргийлсэн хэрэг. Угаасаа тэтгэвэр, цалинг ерөнхийд нь ганц тоонд захируулан нэмбэл бага тэтгэвэртэй нь бага, их тэтгэвэртэй нь их нэмэгдэл авдаг гэх шүүмжлэл, хэл ам өнгөрсөн жилүүдэд хангалттай өрнөсөн. Үнэхээр ч тийм юм болдог. Тиймээс сая бага тэтгэврийг их, их тэтгэврийг бага хувиар нэмэгдүүлсэн нь хамгийн өндөр буюу 800 мянга хүртэл төгрөгийн тэтгэвэр авагчдын заримынх нь сэтгэлд хүрээгүй байж мэдэх юм. Ер нь улсын хэмжээнд бүрэн тэтгэвэр авдаг 268 мянган иргэн байдаг. Харин саяын Засгийн газрын тогтоолоор 200 мянган иргэн 10-15, ажилласан жил, тэтгэврийн даатгалаа нөхөн тооцуулсан 64 мянга нь 28-30 хувиар тэтгэврээ нэмүүлсэн нь чамлаад байх зүйл биш билээ. Эдгээр 64 мянган тэтгэвэр авагчийн хувьд ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаандаа ногдох тэтгэврийн нэмэгдлээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн авч байгаа юм. Ингэснээр ажилласан жилээ нөхөн тооцуулсантай холбоотой тэтгэврийн нэмэгдэл болон Засгийн газрын тогтоолын дагуу олгох тэтгэврийн нэмэгдэл нь нийлээд 30 хувьд хүрч байгаа билээ. Өөрөөр хэлбэл, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тэтгэвэр авагчдын тэтгэвэр нь 30 хүртэл хувиар нэмэгдэж буй.
Манайд бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 180300 төгрөгийн тэтгэврийг ахмадуудын 63.7 хувь нь авдаг байсан. Тэгвэл одоо тэдний тэтгэвэр дунджаар 15.4 хувиар нэмэгдэж 207300 төгрөгт хүрчээ. Харин 200-600 мянган төгрөгийг нийт тэтгэвэр авагчдын 34.8 хувь нь авдаг. Энэ ангиллын тэтгэврийн дундаж хэмжээ 307200 төгрөг байсан нь дунджаар 22 мянган төгрөгөөр нэмэгдэж, 7.2 хувийн өсөлт бий болсон юм байна. Түүнээс гадна тэтгэврийнхний дунд тун бага хувь хэмжээтэй буюу дөнгөж 1.6 хувийг эзэлдэг 600 мянган төгрөгөөс дээш тэтгэвэртэй хүмүүс дунджаар 20 мянган төгрөгөөр тэтгэврээ нэмүүлснээр “авдаг хэд” нь 2.8 хувиар өссөн гэсэн үг. Тэтгэврийн нэмэгдлийг ерөнхийд нь дундажлавал 11 хувиар өссөн байна. Үүнээс гадна халамжийн тэтгэвэр болох 103600 төгрөг нь 66.2 хувиар нэмэгдэж 172200 төгрөгт хүрчээ. Бүрэн тэтгэвэр авагчдын дээр халамжийнхныг нэмбэл Монгол Улс нийт 318 мянга орчим тэтгэвэр авагчтай. Тэгэхээр энэ удаа бүх тэтгэвэр авагчид дор хаяж 20 мянган төгрөг тэтгэвэр дээр нь нэмэгдсэнийг анзаарч буй болов уу.
Өндөр тэтгэвэртэй иргэдийн хувьд тэтгэврийн нэмэгдэл нь авч байгаа тэтгэврийн хувь хэмжээтэй нь харьцуулахад бага байгаа ч нийт дүнгээр нь харвал энэ удаагийн нэмэгдэл 22-27 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа нь тийм ялгавартай тоо биш юм. Улсын байтугай дэлхийн эдийн засгийн байдал тийм сайнгүй байгаа энэ үед төр, засгийн зүгээс тэтгэврийн хэмжээг бага боловч нэмлээ. Цаашид байдал сайжирч, нааштай үр дүнгүүд бий болохын хамт дахиад ч нэмэх нь дамжиггүй. Тиймээс “чамлахаар чанга атгаарай” гэж хэлэх нь зөв биз ээ.
Б.НОМИН