Хавар гэдэг үгийг улс төрийн хүрээнд жагсаал, иргэний хөдөлгөөн хэмээн “орчуулж” сонсдог байсан үе бий. 2004-2008 он тэдний оргил үе байлаа. Улс төрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, “иргэний хөдөлгөөн” хэмээх ерөнхий нэртэй төрийн бус байгууллага энэ жилүүдэд олноор байгуулагдаж, ард түмнээ төлөөлөн эрх баригчдыг шүүмжлэн, жагсаж тэмцэж явсан.
Анхдагч хөдөлгөөн болох “Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн” 2004 онд байгуулагдаж, тэргүүнээр нь Ж.Батзандан, ерөнхий зохицуулагчаар О.Магнай ажиллах болов. Хавар нь тэд анхны томоохон жагсаалаа зохион байгуулсан юм. Төрийн ордон руу улаан лооль, өндөг шидэн жагсахад нь иргэд эергээр хүлээн авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 80 орчим хувь нь тэдний авлигагүй, ядууралгүй нийгэм байгуулах зорилгыг дэмжиж байжээ. Учир нь тэр үед хөдөлгөөнүүдийн тэмцэл цэвэр, шударга байсан аж.
Харин гудамжнаасаа “залхаж”, шүүмжилдэг улстөрчдийнхөө эгнээнд орохыг хүссэн цагаас иргэний хөдөлгөөнүүдийн уналт эхэлсэн гэж болно. Нөгөө талаар “зах зээлжсэн” хөдөлгөөнүүд бий болох эхлэл энэ үеэс тавигджээ. Улс төрийн ертөнцөд орон зайгаа эзэлж явсан иргэний хөдөлгөөний удирдагчид одоо хаана, юу хийж явааг сонирхлоо. Тэдний олонхийн шошго өмнөх үеийнхээсээ эрс өөрчл өгджээ.
ТЭМЦЭГЧ АСАН УИХ-ЫН ГИШҮҮД
Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн (ЭНИХ)-ий Ж.Батзандан, О.Магнай нар 2007 онд Иргэний хөдөлгөөний нам байгуулсан билээ. Ингээд 2008 оны УИХын сонгуульд Ж.Батзандан Баянзүрх, О.Магнай Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдсөн юм. Гэвч амжилт олсонгүй. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй, луйвар орсон гэж үзсэн хөдөлгөөнийхөн хуучин уламжлалаараа Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан нь эцэстээ “Долдугаар сарын 1” хэмээн түүхэнд хараар тэмдэглэгдэх, олныг хамарсан үймээн болж хувирсныг уншигчид мартаагүй. Үймээнд турхирсан хэмээн Ж.Батзандан, О.Магнай нар буруудаж, хоригдсон нь иргэний хөдөлг өөнийхний зүрхийг үхүүлчихсэн байж магадгүй. Уг явдлын дараа дээрх хоёр эрхэм АН-аас аврал эрэн элсэж, улмаар одоо Ж.Батзандан УИХ-ын гишүүн, О.Магнай Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга болоод буй.
“Соёмбо” хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар энэ хоёрыгоо бодвол улс төрийг арай зайнаас, нийгмийн салбар талаас “оролджээ”. Тэр цалин, тэтгэврийн асуудлаар мэргэшсэн жагсагч байсан. Тиймээс ч МҮЭХ-ны ерөнхийлөгч болж, дөрвөн жил ажилласан. Эцэст нь 2012 оны сонгуулиар Дархан-Уул аймагт бие даан өрсөлдөөд иргэдийн дэмжлэг хүлээснээр УИХ-ын гишүүн болоод буй. Тэгвэл “Зах зээлжсэн” хөдөлгөөнүүдийн нэг нь Амлалт нэхэх ард түмний холбоо байлаа. МҮАН-ын М.Энхсайхан, цаагуураа Н.Энхбаярын захиалгат жагсаал хэмээн тэдний тэмцлийг тодотгосон, шүүмжилсэн, илчилсэн олон мэдээлэл тухайн үед цацаж байв. Энэ хөдөлг өөний тэргүүн Д.Батцогт, ерөнхий зохицуулагч Г.Уянга нар эдүгээ УИХ-ын гишүүн болоод байна.
Г.АРСЛАН “СЭЛЖ”, Б.ЛХАГВАЖАВ “ЗУРАГ ЗУРЖ” БАЙНА
“Шударга иргэдийн фронт”-ын тэргүүн Г.Арслан 2012 оны сонгуульд “Гуравдагч хүчин” эвсэлд нэгдсэн БНН-аас нэр дэвшсэн ч хол явсангүй. Гэхдээ бас хоосон үлдээгүй юм. Эдүгээ тэрбээр Усан спорт, сургалтын төвийн дарга хийж буй. Усан спортоор хичээллэдэг, элэгтэй учраас олон янзын санал дотроос үүнийг нь сонгосон гэх. “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн гэдгээсээ илүү “Урбанек”-ийн хэмээн нэрлэгддэг Б.Лхагважав 2008 оны сонгуулиар Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж, МАН-ын Сү.Батболдтой өрсөлдсөн билээ. Гэхдээ сонгуулийн дараа тэр МАН-д элсэж, улмаар Ерөнхий сайд болсон өрсөлдөгчийнхөө зөвлөх хийсэн. 2013 оны арваннэгдүгээр сар хүртэл тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажилласан юм. Гэвч оны өмнө МАН даргаа сольсны дараа “Үзэл бодол нийлэхгүй” хэмээгээд тус намын хаалгыг хаасан. Одоо тэрбээр хувийн бизнесээ эрхлээд явж байгаа гэнэ. Энэ талаар түүнээс лавлахад “Намууд хамтарч Засгийн газраа байгуулан, УИХ-д сөрөг хүчингүй болоход тэндээс гарч буй шийдвэр иргэдэд таалагдахгүй, болохгүй байгааг хэлэх, дамжуулахын тулд иргэний хөдөлгөөний залуус гарч ирсэн. Одоогийн УИХ-д иргэний хөдөлгөөнд байсан залуус л дуугарч байна. Манай хөдөлгөөний тухайд анх үүсгэн байгуулсан Р.Бурмаа, Х.Баттулга нар УИХ-д сууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүрээнд ажлаа хийж байгаа гэсэн үг. Тодорхой хүрээний хүмүүс эрх ашгаа хамгаалаад жагсаал, суулт хийж байна. Үг хэлэх эрх нээлттэй. Манай “Урбанек” компани “Шопен ба Монгол” гэсэн олон улсын төгөлдөр хуурчдын наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа. Энэ сарын 23-26- нд шалгаруулалт болно, түүндээ бэлдэж байна. Бас үзэсгэлэн гаргах гээд завгүй явна, “зураг зурж” байна даа” гэлээ.
Г.БААСАН “АНИА” БА “НОГООН ХӨДӨЛГӨӨН”-ИЙ ТЭРГҮҮН А.САРУУЛ
Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан 2008 оны дараагаас боловсролдоо анхаарч, МУИС-ийн хуулийн ангид суралцсан. 2012 оны сонгуульд тэрбээр бие даан өрсөлдсөн ч гавьтай санал аваагүй. Хуульч мэргэжилтэй, улс төрийн тэмцлийн арвин туршлагатай тэрбээр өөрийн саналаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн орон тооны бус зөвлөх хийж буйгаа хэвлэлээр мэдэгдсэн. Энэ талаар Г.Баасан “Амжвал ирэх долоо хоногт Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхийн ажлын тайлангаа олон нийтэд тавина” гэлээ. Бас МАЧХ-ны ажил огт зогсоогүйг хэлэв. “Бид Ахмадын холбооны ажлыг шинэчилж, жинхэнэ утгаар нь ажиллуулж байна. 12 аймаг, 200 гаруй суманд салбараа байгууллаа. Зурагтаар гарахгүй болохоор л ажиллахгүй байна гэсэн үг биш, би тэгж шоуддаг ч үгүй шүү дээ. Нуугдаагүй, албан тушаал дэвшиж алга болоогүй шүү” гэв. Иргэний хөдөлгөөний удирдагчид дотроос хамгийн даруу нь “Ногоон хөдөлг өөн”-ий А.Саруул бололтой. Учир нь тэр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаагүй. Одоо “Монголын ардчилал судлал”-ын чиглэлээр ажиллаж яваа гэсэн. Иргэний хөдөлгөөнүүдийн уналтыг тэрбээр “Өмнө нь бид нүд, чихгүй төртэй байсан учраас тэмцэж явсан. Харин одоо Төрийн нүд, чих нээгдэж байгаа учраас иргэний хөдөлгөөний орон зай үгүйлэгдэхээ больсон” гэсэн утгаар тайлбарласан байна лээ.
С.ТУУЛ