Албан ёсны хэлэлцээ хийв
Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол улсын Гадаад харилцааны сайд Л.Болд хоёрдугаар сарын 12–ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Юн Бен Сэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд талууд хоёр орны харилцаа “Иж бүрэн түншлэл’’–ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд харилцааг гүнзгийрүүлэхэд энэ айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа онцолж байв. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд БНСУ–д сүүлийн 10 жилд хийж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм. Гадаад харилцааны сайд Л.Болд хэлэлцээрийн туршид монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг хөнгөвчлөхтэй холбоотой асуудлыг удаа дараа хөндөн тавьж байлаа. Тухайлбал хоёр жилийн өмнөх хэлэлцээрээр энэ асуудалд тодорхой ахиц гарсаныг тэмдэглээд цаашид иргэд харилцан зорчих нөхцлийг улам илүү сайжруулах, визгүй зорчуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв. Гэхдээ үүнээс өмнө одоогийн нөхцөлд манай иргэд виз мэдүүлэхэд мөнгөн барьцаа авч байгаа нь 2012 онд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж байгаа тул барьцаа мөнгө авахыг зогсоох санал тавив.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бен Сэ монгол иргэдийн зорчих нөхцөлийг илүү хөнгөвчлөх, мөнгөн барьцаа авахгүй байх боломжийг судалж үзэх, цаашид монгол иргэд тус улсад визгүй зорчих хэлэлцээр байгуулах боломжийг бий болгоход анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн талууд өндөр технологи хөгжсөн дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэг бөгөөд манай улстай ойр дотно хамтын ажиллагаатай БНСУ–аас Монгол улсад хийгдсөн хөрөнгө оруулалт нь байж болох боломжит түвшнээс доогуур байгааг харилцан хүлээн зөвшөөрч энэ чиглэлээр дорвитой томоохон өөрчлөлт хийх нь чухал гэдэгт санал нэгдэж байлаа. Ингэхдээ Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт, технологи, хүний нөөц, менежментийн чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтын ажиллагааны механизм байгуулах нь зөв гэдэгт санал нэгдлээ. Мөн хоёр орны иргэдийн дундах нөгөө орныхоо талаар бодит мэдлэг, ойлголт, эерэг сэтгэгдлийг илүү сайжруулах, ингэснээр эдийн засаг, соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр Гадаад харилцааны яамд хамтран ажиллахаар шийдвэрлэв.
2015 онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиох бөгөөд энэ хүрээнд өндөр дээд хэмжээний айлчлал зохион байгуулах нь зүйтэйг талууд тэмдэглээд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бен Сэ Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өөрийн улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-н мэндчилгээг уламжилж, тааламжтай үедээ БНСУ-д айлчлахыг урив.
Зүүн хойд Азийн асуудлаар сайд нартай уулзав
Гадаад харилцааны сайд Л.Болд БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Батлан хамгаалахын сайд Ким Гван Жин-тэй ажлын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр сайд Ким Гван Жин гурван жилийн өмнө тухайн үеийн Монгол улсын Батлан хамгаалахын сайд Л.Болдын айлчлалыг хүлээн авч байснаа дурсаад түүнээс хойш хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж Солонгост суралцаж буй цэргийн боловсон хүчний тоо хоёр дахин нэмэгдсэн, энхийг сахиулах ажиллагааны зориулалттай цэргийн техник тоног төхөөрөмж тусламжаар нийлүүлэх, олон улсын энхийг дэмжих сургалт дадлагад хамтран оролцох зэрэг үйл ажиллагаа амжилттай хэрэгжих болсныг дурдаж байв.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ли Бен Сок сайд Л.Болдыг мөн хүлээн авч уузлаа. Энэ үеэр хоёр орны улс төрийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй явж ирснийг тэмдэглээд 2014 оны 03 дугаар сард болох УИХ-ын дарга З.Энхболдын БНСУ-д хийх айлчлалыг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч хамтран ажиллахыг хүсэв. Тэрээр мөн БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудал манай засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг болохыг тэмдэглэн хэлж БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс цаашид манай иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулах талаар үргэлжлүүлэн анхаарал тавих, иргэд харилцан зорчих явдал нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд визний асуудлыг илүү хялбарчлах талаар шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хоёр талын холбогдох байгууллага анхаарч, хамтран ажиллах санал тавив.
Мөн өдөр сайд Л.Болд БНСУ-ын солонгосын ард түмнийг эргэн нэгтгэх асуудлыг хариуцдаг Үндэсний Нэгдлийн яамны сайд Рю Гил Жэ-тэй уулзлаа. БНСУ-ын Үндэсний Нэгдлийн Сайд Рю Гил Жэ Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд Монгол Улсын үүрэг оролцоог өндрөөр үнэлж цаашид энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нь зүйтэйг тэмдэглэж байв. Энэ болон бусад бүх уулзалтын үеэр Монголын тал Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Улаанбаатрын яриа хэлэлцээ” нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн урт хугацааны зорилт бөгөөд Солонгосын хойг дахь түгшүүртэй байдлыг яриа хэлэлцээний замаар намжаах, энх тайванг тогтооход түүний үндсэн зорилго оршиж буйг тайлбарлан уг санаачлагын үр дүнд хүргэх талаар санал солилцсон.
Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
БНСУ-д өнөөдөр Монгол улсын 25 мянга гаруй иргэн ажиллаж, сурч, амьдарч байгаа. Тэдгээрийн төлөөлөл болох иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан олон нийтийн байгууллагынхтай Гадаад харилцааны сайд Л.Болд айлчлалынхаа эхний өдөр уулзалт хэлэлцүүлэг хийв.
Уулзалтад Солонгос дахь Монгол иргэдийн нийгэмлэг, эмэгтэйчүүдийн холбоо, залуучууд, оюутны зэрэг байгууллагууд оролцсоноос гадна БНСУ–д мөн үеэр ажиллаж байгаа УИХ–ын гишүүн Г.Батхүү, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХХК–ын захирал Я.Батсуурь нар байлцав.
Уулзалтын үеэр шинэчлэлийн Засгийн газрын бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, БНСУ-д ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдэд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо.