Өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 6-нд Гибралтарт явагдсан орчин үеийн томоохон фестивалийн нээлттэй ангиллын тэмцээнд М.Адамс (2754), М.Ваше-Лаграв (2745), П.Эльянов (2733), Е.Томашевский (2715), Г.Камский (2709) зэрэг суперууд болон А.Музычук (2566), П.Крамлинг (2525), В.Чмилита (2515) нарын олон шилдэг эмэгтэйчүүд бүхий 256 шатарчин швейцарь оноолтын 10 тавилд хүч үзсэнээс гурван их мастер ижил 8 оноогоор шалгарч, тай-брейкийн тоглолтын дүнд И.Чепаринов (Болгар, 2672), Н.Витюгов (ОХУ, 2737), В.Иванчук (Украин, 2739), эмэгтэйчүүдээс ОУМ М.Музычук (Украин, 2503), ИМ Жао Сюэ (БНХАУ, 2567), ИМ Н.Жукова (Украин, 2449) нар адил 7 оноогоор эхний байруудыг эзэлжээ. Энэ тэмцээнд оролцсон манай ОУМ Б.Мөнгөнтуул (2438 чансаагаар 81-д эрэмблэгдсэн) 5.5, СМ Б.Галмандах (2225, 145) 5, ДМ Р.Амгаланбаатар (2137, 175) 4 онооны амжилт тус тус үзүүлэв. Фестивалийн хүрээнд зохиогдсон бусад тэмцээнд Монголын шатарчид хэрхэн оролцсоныг манай сонин мэдээлсэн билээ.
“МОСКВА ОПЕН” ӨНДӨРЛӨЛӨӨ
“Москва опен-2014” уламжлалт фестивалийн нээлттэй ангилалд 194 шатарч өрсөлдсөнөөс ИМ А.Моисеенко (Украин), ИМ М.Матлаков (ОХУ),ИМ М.Бартель (Польш) нар ижил 7 оноогоор тэргүүлж, манай ЭОУМ А.Энхтуул (2257, 138) 3 оноотой 171-р байр эзлэв. 155 эмэгтэй оролцсоноос ЭИМ О.Гиря (ОХУ) 7.5, ЭИМ Д.Чарочкина (ОХУ), ЭИМ Баяр Кобанова (ОХУын Халимаг) нар 7 оноотой шалгарч, ОУХМ Б.Баярмаа (2057, 65) 5 оноотой 51-р байрын амжилт үзүүлж чансаагаа дээшлүүлэв.
ААВ, ХҮҮ ХОЁР ТҮРҮҮЛЭВ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн 115-р сургуульд найм дахь удаагаа явагдсан “Гэр бүл” тэмцээнд 43 баг оролцсоноос аав-хүү Б.Цэдвээ, Ц.Лхагвасүрэн, эгч-дүү Ү.Үүрийнтуяа, Ү.Агьбилэг, ах-дүү С.Билгүүн, С.Чингүүн нарын баг тэргүүн байруудад шалгарч, аав-охин Батсайхан, Б.Эрдэнэхөлөг, аав-хүү Т.Сугар, С.Ган-Эрдэнэ нар тусгай шагнал хүртэв.
2013 оны аварга баг (аав-охин ДМ Н.Энхсайхан, СМ Э.Хулан) ивээн тэтгэсэн энэ тэмцээний үеэр зохиогдсон блиц тоглолтын тэмцээнд ИМ Б.Хатанбаатар, ФМ Б.Баярмандах, СМ Д.Гандуулга нарын 38 шатарч 7 тавилд тоглосноос ФМ С.Билгүүн, ФМ Н.Төвсанаа, ДМ Ц.Алтанбаяр нар тэргүүн байруудыг эзэлжээ.
Л.ТОГООХҮҮ