Сүүлийн 20 жилийн турш 18 нас хүрч байгаа залуусын 30 хувийг л хугацаат цэргийн албанд татсанаас цэргийн бэлтгэлтэй зэвсэгт хүчний дайчилгааны нөөцийн бүрэлдэхүүн хомсдож байгаа аж. Энэ нь улс орны батлан хамгаалах чадавхийг сулруулаад зогсохгүй залуусын эх оронч хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж судлаачид үзжээ. Тиймээс цэргийн насны залуус алба хааж, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломж бүрдүүлэхэд чиглэсэн “Оюутанцэрэг” хөтөлбөрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа.
Оюутнуудад сайн дурын үндсэн дээр "Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээлийг хоёр кредит, 96 цагаар сонгож судлуулна. Үүний дараа шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн "Цэргийн тусгай бэлтгэл" сургалтад хамруулж, цэргийн алба хаалгана. "Оюутанцэрэг хөтөлбөр" хэрэгжүүлэхийн тулд цэргийн байр, хичээлийн анги, танхим, сургалтын хотхон, гал тогоо бүхий "Шар хад" дахь иж бүрэн сургалтын төвийг шинээр барих юм байна.
Сургалтын төвд жилд 500-1000 оюутан цэргийн бэлтгэл сургалтад хамруулах боломжтой. Үүнтэй холбоотой журмыг БХЯ, БШУЯ батлахаар болсон байна.