МАХН-д шинээр гишүүнээр элсэж буй 200 гаруй хүнд өчигдөр үнэмлэхийг нь гардууллаа. Гишүүний үнэмлэхийг МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн нар гардуулан өгөв.
Энэ үеэр Д.Тэрбишдагва МАХН-ын үйл ажиллагаа сүүлийн үед өргөжин тэлж, өнгөжин дэвжиж буй гээд шинэ гишүүдэд баяр хүргэсэн юм. Энэ удаа МАН-ын нөлөө бүхий гишүүд МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, батлахаа гардаж авна гэж байсан ч МАХН-ын төв байранд хүрэлцэн ирсэн хүмүүсээс чөлөөт бөхийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Амгалан, гавьяат жүжигчин З.Шагдарыг эс тооцвол онцолчихмоор хүн байсангүй.
С.Батцэцэг тэргүүтэй чөлөөтийн хэд хэдэн тамирчинд гишүүний үнэмлэхийг нь хэвлэлийнхнээс тусад нь гардуулан өгсөн юм. Гэхдээ МАН-ын нөлөө бүхий хэд хэдэн хүн байгааг ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба онцолсон ч нууцалсан. Тэрбээр энэ талаар “МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж буй МАН-ын нэртэй улстөрч, олны танил хүмүүсийн нэрийг зарлах эрт байна. Учир нь намын дотор хагарал үүсгэж, үйл ажиллагааг мушгин гуйвуулах гэхчлэн гишүүнчлэлээ сэргээж байгаа хүмүүст хүндрэл учрахаас сэргийлж байгаа юм” гэж тайлбарласан.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр УИХ-ын гишүүн асан Д.Загджав МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн бололтой. МАХН-ынхны хэлж буйгаар МАН-ын аймаг, дүүргийн хорооны удирдлагуудаас цөөнгүй хүн тус намд элсэх хүсэлтээ илэрхийлж байгаа аж.
Б.НОМИН