“Бүх ард түмний их хуралдай” ТББ, МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос МАХН-ыг тараах хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргажээ. Энэ талаар “Бүх ард түмний их хуралдай” ТББ-ын тэргүүн М.Ганзоригтой ярилцлаа.
-Бид МАХН гэж хувь хүний намыг тараах ёстой гэж үзсэн. Учир нь 2011 онд МАХН-ын зүгээс Их хуралдай нэрийн дор 15 хүнийг олигархи гэж зарласан. Монгол Улсын Үндсэн хуулиар албан ёсоор батлагдаагүй үед хүний нэр төрийг гутааж, нийгмийг хагалан бутаргахыг хориглодог. Үүнийг үндэслэл болгож МАХН-ыг тараах, Дээд шүүхэд бүртгэлгүй болгохоор хандсан.
-Дээд шүүхэд хэзээ хандсан бэ. Хариу өгсөн үү?
-Дээрх асуудлаар нэгдүгээр сарын 22-нд анх хандсан. Дээд шүүхээс өнгөрөгч 14-нд хүсэлтэд дурдсан зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэсний үндсэн дээр техникийн чанартай засвар хийж, нягтлаад өчигдөр (өнгөрөгч даваа гариг) дахин хүргүүлээд байна. Удахгүй хэлэлцэнэ гэж найдаж байна.
-Танай байгууллагын нэртэй холбоотойгоор асууя. МАХН-ын зүгээс Их хуралдай гэсэн арга хэмжээ зохион байгуулахад танай байгууллага хамтарч оролцсон уу?
-МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байгуулж байх тэр үед тэднийг Монголын төлөө ажиллах нь гэж итгэж байсан учраас хамтарч ажиллаж эхэлсэн. Ингээд Ард түмний их хуралдай нэрээр орон нутагт үйл ажиллагаа явуулсан. 2012 оны сонгуулиар эвсэл 11 суудал авсан нь бидний хамтын ажиллагааны үр дүн. 2000 оноос хойш гуравдагч хүчин өсөж өндийсөн гэвэл өнгөрөгч УИХ-ын сонгуулиар хамгийн их амжилт олсон нь энэ. Үүний үр дүнд эвсэл Засгийн газарт багтсан.
-МАХН-ыг тараах хүсэлт тодорхой хугацаанд хамтран ажиллаж байсан та бүхнээс гарсан нь зөвхөн дээр дурдсан ганц шалтгаан гэж бодохгүй байна.
-Эвслийнхэн Засгийн газарт оронгуутаа нүүр буруулж, амиа хоохойлж эхэлсэн. Хамтарч явсан иргэний хөдөлгөөн, намуудын төлөөллийг зохион байгуулалттайгаар Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын гараар хөөж явуулсан. Үндсэндээ тэд зөвхөн Намбарын Энхбаяр гэдэг хүний төлөө л ажиллаж, амьсгалж эхэлсэн. Энэ нь бидэнд таалагдаагүй. Бид эхэндээ анхааруулж хэлдэг байсан. Сүүлдээ бүх зүйл ойлгомжтой болж, бид тусдаа, бие даасан үйл ажиллагаа явуулах болсон. “Шударга ёс” эвсэл Засгийн газрын дөрвөн сайд дээр л тогтож байгаа гэж хэлэхэд болно. Түүнээс биш тэд Монголын төлөө сүрхий ажил хийгээд байгаа юм биш. Зүүн аймгуудыг шүлхий эзэлчихээд байхад Д.Тэрбишдагва Н.Энхбаярт золгохоор Солонгос явсныг юу гэж ойлгох вэ. Ер нь МАХН бол Н.Энхбаяр, түүний гэр бүл, тойрон хүрээлэгчдийн нам гэдгийг дахин хэлье. Өнөөдөр тус намд гол албан тушаал эзэлж байгаа нөхөд нь Н.Энхбаярын албан тушаалын наймаа, гэмт хэрэгт холбогдсон, эсвэл эхнэр О.Цолмонгийн гар, хөлийн болсон хүмүүс байдаг. Н.Энхбаяр гэмт хэрэг үйлдсэнийг гурван шатны шүүх тогтоосон.
Өөрөөр хэлбэл, тэр гэмт хэрэгтэн гэсэн ангилалд байгаа хүн. Ингээд зогсохгүй миний сонссоноор таван хавтаст хэрэг түүнийг хүлээж байгаа сурагтай. Тийм ч учраас Н.Энхбаяр Монголд ирж чадахгүй байгаа. Ер нь ирэх ч үгүй байх. Шинэ жилийн өмнө Монгол руу орох гэж Бээжинд ирчихсэн байсан ч хавтаст хэргүүд хүлээж байгааг мэдээд Солонгос руу буцчихсан гэж байгаа. Солонгосоос гишүүдээ байсхийгээд дуудаж, үүрэг даалгавар өгдөг. Ийм хүн улс төрийн нам толгойлж, Монголын улс төрийг бужигнуулж байгаа нь шударга гэж үү. Өчигдөр гэхэд л 200 гаруй хүн МАХН-д элслээ, тэдгээрийн дотор МАН-ын нөлөө бүхий гишүүд бий гэсэн мэдээллийг МАХН-аас цацсан. Иймэрхүү мэдээллийг нь анзаараад байвал давтамжтай байдаг. МАХН-д нэр нөлөө бүхий хүмүүс элсэх гэж байна, эсвэл Н.Энхбаяр ирэх гэж байна гэсэн мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байгаа нь тэдний пиар. Энэ бол Н.Энхбаярыг мартуулахгүй байх арга. Бодит байдал дээр МАХН-д МАН-аас очдог хүн байхгүй. Голдуу ажил, албан тушаал горилсон хэдэн хүн батлахыг нь авдаг юм.
-Н.Энхбаярыг мартуулахгүй байх гэсэн цаад зорилго нь юу юм бол. Та юу гэж бодож байна вэ?
-Энэ нам оршин тогтнож байна гэдгийг харуулах гэсэн арга байхгүй юу. Ингэж байгаад 2016 оны сонгуулиар хэдэн суудал авах гэж байгаа юм. Ер нь Н.Энхбаяр төрийн бүх өндөр дээд албан тушаал хашиж байхдаа гэмт хэргийн замаар олсон мөнгөө хамгаалахын тулд л МАХН-ыг байгуулсан. Одоогийн МАХН бол Н.Энхбаярыг шоронд орохоос хамгаалах ганцхан зорилготой. МАХН-д дотоод ардчилал байхгүй. Н.Энхбаяр Солонгосоос шууд удирддаг. Намын тамга, тэмдэг бүх зүйл нь Н.Энхбаярт байдаг учраас МАХН-ынхан Сөүл рүү ойр ойрхон нисдэг. Албан бичиг цохуулж, ажилтнуудынхаа цалин тавихдаа хүртэл Н.Энхбаяр руу очиж,тамга даруулдаг юм.
-Таны болоод танай байгууллагын ойрын зорилго юу вэ?
-Манай байгууллагын үндсэн зорилго МАХН-ыг тараах гэж ойлгож болно. Цаашлаад гуравдагч хүчний орон зайд жижиг намуудтай хамтран ажиллана. Хамтран ажиллаж болдгийг 2012 оны сонгууль харуулсан шүү дээ. Даанч луйварчин хэзээ ч засардаггүй юм байна, буруу тийш нь аваад явчихлаа.
Б.НОМИН