Дорнод аймгийн 12 сум дотоодын эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холбогдсон бол Чулуунхороот ОХУ-аас, Халхгол БНХАУаас цахилгаан импортолдог. Тус аймгийн Дулааны цахилгаан станц 36 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай хэрнээ 28 МВтыг үйлдвэрлэж, нийт хүчин чадлынхаа 77 хувийг ашиглаж байгаа юм. Энэ жил тус аймаг эрчим хүчний салбартаа орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангаас 1.1 тэрбум орчим төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Харин Засгийн газраас “Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ” ТӨХК-ийн өргөтгөлийг концессын гэрээгээр хийлгэхээр болж, гуравдугаар сард уг ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улсын төсвийн хөрөнгөөр энэ жил Халхгол руу агаарын 35 кВт-ын цахилгаан дамжуулах шугам барихаар Эрчим хүчний яам төлөвлөжээ. 4.4 тэрбум төгрөгийн өртөгтэй уг ажлын тендерийг ирэх дөрөвдүгээр сард зарлана.
Халхгол сум нэг кВт эрчим хүчийг Хятадаас нэг юань буюу 280 төгрөгөөр авдаг бол Чулуунхороот сумынхан Оросоос авсан ийм хэмжээний цахилгаанд 190 төгрөг төлдөг юм байна. Халхголтой харьцуулахад харьцангуй хямд цахилгаан хэрэглэдэг гэж үзсэн үү, Чулуунхороот сумыг төвийн эрчим хүчний системд холбохгүй гэнэ.
Т.МИНЖИН