Өнөөдөр Ховд аймагт, ирэх даваа гаригт Увсад битүү захын нээлт болох гэнэ. Орон нутгийн иргэдийн амьжиргаанд тустай, эрүүл орчинд үйлчлүүлэх ийм зах байгуулсан нь сайн хэрэг. Гэхдээ төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулсан гэх тэдгээр захын нээлтэд төрийн сайдууд очиж, тууз хайчилна гэх юм. Энэ мэтчилэн энд тэнд тууз хайчлах, эрхийн бичиг гардуулах зэрэг шалдир булдар арга хэмжээнд төрийн өндөрлөгүүд нь манлайлан сайд, дарга нартайгаа оролцож, сүр дуулиан, зардал чирэгдэл болдог явдал өнөөдөр хэвийн үзэгдэл болчихлоо.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг тууз хайчилж, ямар нэгэн арга хэмжээний нээлтэд оролцохгүй л бол байж сууж чадахаа байсан талаараа илэн далангүй ярьсан юмдаг. Аав нь хүүхдэдээ шинэ гутал авч өгөхдөө улаан тууз хайчилж, бөмбөр нүдэж, бүрээ үлээдэггүй биз дээ. Тэгдэг бол тэр аав нэг бол лав галзуу, эсвэл айхтар шоумэн байж таарна. Үүнтэй утга нэг манай улстөрчид, сайд нар галзуурчихаа юу, эсвэл шоу нь хэтрээд байна уу. Хөдөө гадаа явах хөдөлгөөн хориход тулаад буй шүлхийн тархалтыг зогсоохоос эхлээд хамарт тулсан, шийдэх асуудал мундахгүй энэ үед тууз хайчлахтай манатай л баймаар юм.
Зах зээлийн газар байгуулахынхаа оронд иргэдээ баталгаатай орлоготой байлгах тал дээр анхаарвал яасан юм бэ. Угаас төр нь жараахай барьж, хувийн компаниудын хийх ажилд хошуу дүрдэг нь дампуурсны шинж биз. Хэрэгтэй хэрэггүй юманд оролцдог, хийх “ажилгүй” Ерөнхийлөгчөө шүүмжилсэн Жорж Майклын дууны клипийг санаж байна уу. Жорж Буш айлын хөнжилд шургачихаад авгай, нөхрийн дунд хэвтэж байдаг даа. Манай төрд яг тийм дүр зураг харагдаад байх юм. Төр нь тууз хайчилдаг зуршлаа засахгүй бол иргэд нь зах дээрээ л тушаатай хоцрох нь лав. Энэ хөгжил мөн гэж үү.
Э.ХАНА