УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт болон Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар Ховд аймагт ажиллаж байна. Энэ сарын 21-ний өдөр Ховд хотын ерөнхий төлөвлөгөөг танилцуулах тайлан хуралд тэд оролцож, санал бодлоо солилцлоо.
Улсын төсвөөс 1.3 тэрбум орчим төгрөг зарцуулан, гаднын мэргэжлийн байгууллагаар хийлгэж буй уг төлөвлөгөөг ард иргэдээр сайтар хэлэлцүүлж, саналыг тусгахыг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сануулсан. Тэд 2014 оны төсөвт тэг дүнтэй тусгагдсан буюу хөрөнгө оруулалтыг нь царцаасан барилга, объектуудын зогсонги байдалд орсон шалтгаануудыг тодруулж, цаашид ямар арга хэмжээг авах шаардлагатай байгаатай танилцсан юм.
Аймгийн хэмжээнд нийт 18 обьектын хөрөнгө оруулалтыг царцаагаад буй. Эдгээрээс нэгдүгээр сургуулийн өргөтгөл, 100 ортой цэцэрлэгийн барилгуудтай танилцав. Барилгын ажилтай танилцсаны дараа эдгээрээс 10 гаруйг нь төсвийн тодотголд тусгах хэрэгтэй гэж АНын бүлгийн дарга дүгнэжээ. Төсвөөс мөнгө авчихаад зориулалтаас нь огт өөр барилга буюу зочид буудал барьсан зөрчил тэнд гарсан байна. Төрөөс оруулж байгаа хөрөнгө оруулалтыг ийм маягаар үрэлгэн хандаж байгааг эргэж харж зогсоох цаг болсон гэдгийг олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолж байлаа. Түүнчлэн баруун бүсийн тулгуур төвийн оношлогоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Бүсийн хэмжээний уг төвийн халдвартын тасаг нь үүдээ барих шахжээ. Танилцах үйлчилгээ явуулах ёстой хоёр давхар барилгын нэг хэсэг нь битүү хаалттай, хана нь мөөгөнцөртсөн байжээ. Өвчтэй хүн эрүүлжих биш, бүр эрүүл хүн өвчтэй болоод гарахаар нөхцөлд ажиллаж буйгаа эмч нар учирласан байна. АН-ын бүлгийн дарга тэдэнд зөвхөн засвар хийгээд орхих биш, асуудлыг цогцоор шийдэхийн төлөө ажиллана гэв.
Өмнөх парламентын үеэс бодлого болгон дэвшүүлсэн төсвийн хуулийн үр дүнд орон нутаг бие даан зарцуулах төсвийн хэмжээ эрс нэмэгдэж 2013, 2014 онуудад тус бүр 11 тэрбум төгрөг Ховд аймагт хуваарилсан байна. Уг төсвийг оновчтой, хүртээмжтэй, үлдэцтэй зүйлд зарцуулах, иргэддээ нээлттэй ил тод байлгах, ингэхдээ ор нэрийн төдий санал авсан байдлаар ач холбогдол багатай зүйлд зарцуулахгүй байхад анхаарах нь чухал гэдгийг гишүүд онцолж байлаа. Мөн тэд битүү захын нээлтэд оролцсон. Энэ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу барьсан, 500 лангуутай томоохон зах юм. Сүүлийн 20 гаруй жил өвлийн хүйтэн, зуны халуунд худалдаа хийж байсан бизнес эрхлэгчид болон иргэд, худалдан авагчид баяртай байгаагаа илэрхийлж байв.