Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Кызыл хотод суугаа Ерөнхий консул Д.Ганболд 2014 оны 02 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хакас Улсад айлчилж, БНХакасУлсын тэргүүн, БНХакасУлсын Засгийн газрын дарга В.М.Зиминтэй уулзав. Уулзалт Хакасын Засгийн газрын ордон дахь тэргүүний өрөөнд болж, Ерөнхий консул Д.Ганболд В.М.Зиминд албан ёсоор консулын патентаа өргөн барилаа. Виктор Зимин Ерөнхий консул Д.Ганболдод халуун дотно баяр хүргэж, эртний түүхээрээ гүн гүнзгий холбогдсон хөрш Монгол Улстай нягт харилцаатайг тэмдэглэн, монголын ард түмэнд нэн хүндэтгэлтэй хандаж явдгаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Хакасын тэргүүн соёлын солилцоо хийх, Абакан-Улаанбаатарын шууд нислэг нээх боломжийг судлах, монголын бараа, бүтээгдэхүүнийг Хакасад борлуулах суваг нээх зэрэг соёл-эдийн засгийн хамтын ажиллагааны талаар нэлээд санал дэвшүүлж, уламжлалт харилцааг улам өргөжүүлэн батжуулах сонирхолтой байгаагаа нотлохын зэрэгцээ монголын компани, бизнес эрхлэгчдийг Хакаст зочлохыг урьж, хамтран ажиллах бизнесийн түнштэй болохыг хүсэв. Уулзалтын төгсгөлд Ерөнхий консул Д.Ганболд өөрийг нь найрсгаар хүлээн авч, хамтын ажиллагааны чухал санал дэвшүүлсэнд талархал илэрхийлж, түүний саналыг холбогдох яам, газруудад хүргүүлнэ гэдгээ амлав. Мөн Монгол-Хакасын ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, Монгол-Хакасын соёл-эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргахад өөрөөс шалтгаалах бүхнийг хийнэ гэдгээ илэрхийлэв.
Ерөнхий консул Д.Ганболд Абакан хотод ажиллах үедээ БНХакасУлсын Шилжилт хөдөлгөөний албаны дарга С.А.Егоровтой монгол иргэдийн асуудлаар, Хакасын ХАҮТ-ын ерөнхийлөгч С.Б.Адамянтай Хакас-Монголын эдийн засаг, бизнесийн харилцааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар тус тус санал солилцов.
http://www.mfa.gov.mn