УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нар өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. УИХ-ын намрын чуулган завсарласнаас хойш УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллахын зэрэгцээ тодорхой асуудлаар хуулийн төслүүд боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Гишүүдийг орон нутагт ажиллаж байх явцад өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ард иргэдийн тавьж буй санал хүсэлтийг төр засагт хүргэх үүднээс уг хэвлэлийн бага хурлыг зарласнаа бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллийн эхэнд онцоллоо. УИХ дахь МАН-ын бүлгээс улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, инфляц, ам.долларын өсөлтийн талаар удаа дараа эрх баригчдад шаардлага хүргүүлж, төрийн нүсэр бүтцэд зарцуулж буй зардлыг багасгах, баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллах, юуны өмнө тулгамдсан асуудлаар зөвшилцөж ойлголцох шаардлагатайг сануулсаар ирсэн билээ.
Эдийн засгийн цаасан дээрх өсөлт ард иргэдийн амьдралд наалдах нь бүү хэл улам хүндэрч, төрийн албаны хүнд суртал ихэссэн, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнг хүртэж чадахгүй байгаа талаар очсон аймаг, сумынхан УИХ-ын гишүүдэд хэлж ярьж байгааг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрээр "Засгийн газар 14 их наяд төгрөгийг эдийн засагт эргэлдүүлсэн ч үр дүн нь муу байна. Ийм их төрийн албан хаагчтай, ийм их мөнгөтэй Засгийн газар өмнө нь байгаагүй. Гэтэл ийм богинохон хугацаанд ард олны амьдралыг доройтуулсан түүх ч байгаагүй гэдгийг уулзсан газар бүхэнд ард түмэн хэлж байна" гэлээ. С.Батболдын Засгийн газар ажлаа өгөхөд нэг ам.доллар 1305 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 1794 төгрөгт хүрсэн нь түүхэнд байгаагүй өсөлт болж байна.
Сүүлийн долоо хоногийн үзүүлэлтээс харахад ам.доллар өдөрт дунджаар 10 төгрөгөөр нэмэгджээ. Эрх баригчид энэ жилийн улсын төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөг байхаар тооцсон. Гэтэл бодит байдалд энэ нь хэрэгжих боломжгүйд хүрээд байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлэг дараах шаардлагыг эрх баригчдад хүргүүлээд байна. Нэгдүгээрт, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлэг зарлаж, эдийн засгийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл сонсох, хүндрэлийг даван туулах арга замыг эрдэмтэн судлаачид, эдийн засагчдаар хэлэлцүүлэх, хоёрдугаарт, Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг яаралтай зарлан хуралдуулахыг шаардлаа. Гуравдугаарт, Засгийн газар эдийн засгийн хямралт байдалд орсноо олон нийтэд ил тод зарлаж, ард түмэн, сөрөг хүчинтэйгээ хамтран хүндрэлийг даван туулах төлөвлөгөө гаргах, дөрөвдүгээрт, баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ бодитой дэмжиж ажиллах нөхцөл үүсээд байгааг онцлов.
Л.Энх-Амгалан: Эдийн засгийн үзүүлэлтүүд унасныг төсвийн гүйцэтгэл харууллаа
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 2013 оны Монгол Улсын төсвийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл хийлээ. Тэрээр "Энэхүү гүйцэтгэлээр эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэлтүүд унасан байдалтай гарлаа. ДНБ-ийг 18.5 хувиар өсгөнө гэж төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 11.5 хувьтай гарсан байх жишээтэй. УИХ-аас баталсан мөнгөний бодлогод тусгаснаар инфляц найман хувьтай байна гэсэн бол гүйцэтгэлээр 12.5 хувьтай гарсан. Инфляц бол гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гэсэн үг. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Гадаад худалдааны алдагдал хүлээсэн, гадаад худалдаа агшсан, өрийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ нэмэгдсэн гээд эдийн засагт асах ёстой бүх "гал" ассан байна. Тийм учраас УИХ анхаарлаа хандуулах цаг болжээ. Валютын ханш нэмэгдсэнээс эдийн засагт ямархуу эрсдэл үүсээд байгааг тоон үзүүлэлтээр хэлье. Долларын ханш 1794 төгрөг болж өссөнтэй холбогдуулаад зөвхөн 2012 онтой харьцуулахад Монгол Улсын өрийн хүүний хэмжээ 35 хувиар нэмэгдсэн байна. Бид жил бүхэн зээлийн хүүнд 150-180 тэрбум төгрөг төлж байгаа.
Зөвхөн валютын ханшийн өсөлтөөс болж энэ зээлийн хэмжээ 35 хувиар өссөн гэсэн үг. 2014 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтыг нэг их наяд төгрөгөөр төсөвлөсөн. Ингэхдээ эрх баригчид төсөв батлуулахад ам.долларын ханшийг 1384 төгрөгөөс хэтрүүлэхгүй гэж амлаж байсан. Гэтэл валютын ханш 1794 төгрөгт хүрснээс болж нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын өртөг нэмэгдэх зайлшгүй эрсдэл үүсээд байна. Аж ахуйн нэгжүүд тендерт оролцох сонирхолгүй болж байна гэсэн үг. Монгол Улсын нийт зээл зургаан их наяд төгрөг орчим байгаа. Үүнээс хоёр тэрбум орчим ам.доллартай тэнцэх зээл авсан аж ахуйн нэгжүүд ханшийн өөрчлөлтөөс болоод зээлийн эргэн төлөлтийн хувьд маш том эрсдэл хүлээж байна" гэлээ. Түүнчлэн Л.Энх-Амгалан гишүүн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан улс орны нийгэм, эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсгээс өнгөрсөн тавдугаар сард гаргасан дүгнэлтийг намрын чуулганаар хэлэлцээгүйг онцоллоо. Мөн УИХ-ын намрын чуулганаар Эдийн засгийн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгээс эдийн засгийг идэвхжүүлэх, валютын ханшийг тогтворжуулах талаар Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн тогтоолыг хүргүүлжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар ямар нэг арга хэмжээ аваагүйг тэрээр мөн санууллаа.
Я.Содбаатар гишүүн Уул уурхайн сайдад асуулга тавина
Шатахуун, валютын өсөлт сүүлийн долоо хоногт хамгийн их бухимдал үүсгэсэн асуудал болсныг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Тиймээс тэрээр Уул уурхайн сайд Д.Ганхуягт шатахууны үнэ өссөн шалтгаан, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар асуулга тавьж байгаа юм. Уул уурхайн яам, Засгийн газар, Монголбанктай хамтран 2012 оны аравдугаар сарын 26-ны өдөр шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 13 аж ахуйн нэгжид жилийн 3.8 хувийн хүүтэй 200 орчим тэрбум төгрөг олгожээ. Мөн 532 тэрбум төгрөгийг валютын ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор аж ахуйн нэгжүүдэд олгосон ч үр дүн гарсангүй.
Я.Содбаатар гишүүн "Өнгөрсөн намраас хойш бид шатахууны үнэ, долларын ханшийн өсөлтийн талаар эрх баригчдад хэлж сануулсан. Шатахууны жижиглэнгийн үнэ нь бөөний үнээс өндөр болчихоод байгаа нь зах зээлийн харилцаа мөн үү, биш үү гэж асуудал тавихаар Засгийн газраас "Бид үнийг тогтвортой хэмжээнд барьж байна" гэсэн хариу өгдөг. Гэтэл сүүлийн үед шатахууны үнэ 40-90 төгрөгөөр өсчихөөд байхад яагаад дуугарахгүй байна вэ. Засгийн газрын хоёр агентлаг шатахууны үнийн өсөлтийг хоёр өөрөөр тайлбарлаж байгаа. Шатахууны үнийн өсөлт нь иргэдийн худалдан авах чадвар, бараа бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлдөг учраас ард иргэдэд тодорхой хариулт өгөх хэрэгтэй" гэлээ.