Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд, мөнөөхөн алдарт Асгатын мөнгөний ордын ойролцоо цайр, хар тугалганы уурхай удахгүй, гуравдугаар сарын 10-даар ашиглалтад орох нь. “Дулаан хар” хэмээх нэртэй эл уурхай 12.5 сая тонн хүдрийн нөөцтэй бөгөөд далд уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед 500 хүнийг ажлын байраар хангах юм байна. Хөдөөд, алслагдсан хязгаар нутагт хүмүүс ажилтай болж, шинэ үйлдвэр ажиллаж, үйлдвэрлэл сэргэж байгаа нь сайн хэрэг. Үүнд өөлөөд гоочлоод байх юм алга. Харин тэнд Сангийн сайд Ч.Улаан яваад байгаа нь л сонирхол татаад байна. Сангийн сайдад тэнд ашиглалтад орох цайрын үйлдвэрээс энд өдрөөс өдөрт өссөөр байгаа валютын ханш, чансаа нь суларсаар буй монгол төгрөгийн хувь заяа, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, давхар дугуйтай болчихсон инфляц илүү хамаатай баймаар юм.
Уржигдар шинэ үйлдвэрийн талаар асууж сураглахаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Байгаль орчны газар луу утас цохитол “Энд Ч.Улаан сайд ирчихээд бөөн ажил. Бид хуралдаж байна” гэв. Өнгөрсөн долоо хоног, энэ долоо хоногийн эхээр Засгийн газрын гишүүд олноороо хөд өө явсан. Тэр талаар Засгийн газрын цахим хуудсанд мэдээлсэн ч тэнд Ч.Улаан сайдын нэр алга. Сангийн яамны сайтад ч түүний тухай мэдээлэл таг. Харин өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гучин минут”-ын мэдээллээ хийхдээ “Улаан сайд Ховдод очсон” гэв. Яагаад ингэж сайд Улааны араас мөшгөөд байгаагаа тайлбарлая. Сүхбаатар аймгийн Төмөртийн овоо ордод үйл ажиллагаа явуулж буй “Цайрт минерал” компанитай түүний нэр нэг хэсэг холбогдсон. Ч.Улаан 1998 онд Намбарын Энхбаярын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байхдаа Тогтвортой байдлын гэрээ байгуулахдаа ихээхэн найр тавьсан нөхцөл олгож, гарын үсэг зураад зогсохгүй Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай уг компанид Хятадын Засгийн газрын 300 сая юанийн зээлийг авч өгөхөд идэвхийлэн зүтгэсэн гэж хардагддаг байв.
Ногооннуур сумын Дулаан хар орд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Юушенгменг” компанийнх. Зөвхөн цайр, хар тугалга биш, алтны нөөцтэй, стратегийн ордод багтаж болох өнгөт металлын томоохон орд гэдэг. Ч.Улаан сайд яагаад заавал цайрын ордын дэргэдүүр, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн ойролцоо яваад байдаг юм бол гэдэг асуулт л сонирхол татан үүнийг хөндөв. Эсвэл Улаан сайд маань цайр дагах хообийтой, цайранд дуртай болчихсон хүн юм болов уу.
Д.ГАЛТ