-Монголбанкинд өнөөдрийн байдлаар 1.3 тонн алт тушаажээ-
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр болж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал оролцлоо. Өнгөрсөн долоо хоногт Увс аймагт М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ховдод Ч.Улаан, Ц.Оюунгэрэл, Завханд Я.Санжмятав, Тавантолгой, Гашуунсухайтад Ч.Сайханбилэг сайд ажиллажээ. Ерөнхий сайд өөрөө Орхон аймагт ажиллаад ирсэн юм. Энэ онд Засгийн газар импортыг орлож, экспортыг дэмжих төслийг санхүүжүүлэхэд нэг их наяд төгрөг зарцуулахаа мэдэгдээд байгаа. “Эрдэнэт” үйлдвэр ч энэ чиглэлээр багагүй өөрчлөлт хийж буйг Н.Алтанхуяг сайд ярьсан. Ингээд Ерөнхий сайд болон Монголбанкны тэргүүн нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Сөрөг хүчний зүгээс эдийн засаг улаан гэрэл ассан гэж байна. Манай эдийн засгийн байдал үнэндээ ямар байна вэ. Долларын ханш 1800 төгр өгт дөхлөө, үүнд ямар арга хэмжээ авах бол?
Н.Золжаргал: -Монгол Улсын гадаад худалдаа сүүлийн гурван жилд 30 гаруй сая долларын алдагдалтай байсан. Үүнийг бид гадаадын хөрөнгө оруулалтаар нөхдөг байсан ч өнгөрсөн онд гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ буурсан. Гадаадын хүчин зүйлээс гадна дотоодоос нөлөөлсөн зүйлс ч бий. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, экспортоо дэмжээгүй, Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ эрс багассан гэх мэт асуудал байсан. Эдийн засгийн сул байдал одоо ч үргэлжилж байгаа ч олон нааштай үзүүлэлт гарч эхэллээ. Өнгөрсөн оны өдийд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 214 сая доллар байсан бол одоо 280 сая доллар болж өслөө. Импорт 5-10 хувиар буурч, нүүрснээс бусад экспортын худалдаа нэмэгдэж байна. Ер нь манай улс байнга төсвийн болон гадаад худалдааны тэнцлийн алдагдалтай явж ирсэн. Оны төгсгөлд бид тэрбум төгрөгийн алдагдалтай худалдаа хийдэг байсан. Тэгвэл анх удаа гадаад худалдаа алдагдалгүй, тэнцэлтэй гарсан. Тиймээс эдийн засаг тэнцвэржиж байна.
Валютын орох урсгал өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдсэн. Төсвийн алдагдлаа ДНБ-ий хоёр хувьд бариад, гадаад худалдаа алдагдалгүй болоод ирэхээр эдийн засгийн макро үзүүлэлт сайн гарна. Улирлын худалдааг тэнцүүлэхэд Монголбанк анхаарч оролцож байгаа. 2012 оны хоёрдугаар сард Монголбанкинд 200 кг алт л тушаасан байсан бол өнөөдөр 1.3 тонн алт тушаагаад байна. Нүүрсний алдагдлаа бид алтнаас нөхөж байгаа. Цаашид нүүрсний экспорт нэмэгдээд ирвэл долларын ханш буурна. Н.Алтанхуяг: -2013 онд дэлхийн эдийн засаг сайнгүй байсан ч бид Монголбанктайгаа хамтраад дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зоригтой алхам хийсэн. Үүний дүнд эдийн засаг 11.3 хувиар өслөө. Энэ онд ч дэлхийн эдийн засаг сайнгүй байна. Гэхдээ бид дотооддоо боломжтой арга хэмжээгээ авна.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хоёр дахь шат хэзээнээс эхлэх вэ?
-Эхний хөтөлбөр өгөөжөө өгсөн. Инфляц 2013 оныхоос хоёр хувиар буурсан. Худалдааны тэнцэл сайн байвал эдийн засаг ч, долларын ханш ч тогтвортой байна.
Н.Алтанхуяг: -Долларын ханш тогтвортой байхад зөвхөн Монголбанк анхаардаг юм биш. Манай иргэд, аж ахуйн нэгжүүд ч үүрэгтэй. Та бүхэн онц шаардлагагүй зүйл гаднаас бүү худалдаж аваарай. Эрдэнэтэд гэхэд Монголд байхгүй бүсийн оношлогоо, эмчилгээний төв барьж байна. Арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад өгөөрэй гэж сануулсан. Ийм төвтэй болбол манай иргэд гадагшаа явж эмчлүүлэх, оношлуулах шаардлагагүй болно. Үр дүнд нь 100-200 сая доллар Монголд үлдэнэ. Өнгөрсөн онд Засгийн газар гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ жилийн хувьд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх шинэ хувилбар хэрэгжүүлж байна.
-Цахилгааны үнийн 10-15 хувь, дулааны үнийг хоёр дахин нэмэх саналыг ЭХЯ-наас гаргасан тухай салбарын сайд нь мэдэгдсэн. Эрчим хүчний салбарын алдагдал 20 тэрбум төгрөгт хүрсэн гэсэн тайлбарыг тэд хийж байна. Үнийг ингэж огцом нэмэхийг Засгийн газар дэмжих үү?
-Ийм санал Засгийн газарт ч, яаман дээр ч гараагүй. Яригдах ч үгүй.
-Царцаасан барилгуудад хийсэн аудитын дүгнэлтийг Засгийн газарт ирүүлсэн үү. Төсвийн тодотголыг хэзээ өргөн барих гэж байна вэ?
-Бид дүгнэлтээ илгээгээч гэснээс хойш 20 гаруй хонолоо. Ирэх долоо хоногт аудитынхан царцаасан барилгын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх хэрэгтэй юм байна.
-Доллараар зээл авсан хүмүүс ханшийн огцом өсөлтөөс болоод хүндхэн байдалд орлоо. Зээл эргэн төлөх явц ер нь ямархуу байна вэ?
Н.Золжаргал: -Ханш анх удаа өсөөгүй. Мэдээж ханшийн өсөлттэй холбоотой хүндрэл гарч байгаа. Ийм нөхцөлд арилжааны банкууд, байгууллагууд хамтраад зохицуулалт хийдэг. Үүнээс болж муу зээл нэмэгдэхгүй. Зээл эргэн төлөх явц хэвийн байгаа.
С.ТУУЛ