УИХ дахь “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Цөмийн энергийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр салбарын үйл ажиллагаа болон өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаа танилцуулсан. Тус байгууллага цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй. Монгол Улс цөмийн технологийг эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай гэх мэт олон салбарт ашигладаг. Тухайлбал, саяхан Улсын I төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг хавдрыг эсийн түвшинд оношлох спект гамма камертай болсны зэрэгцээ тус тоног төхөөрөмжийг ажиллуулах мэргэжилтэн гурван жил сураад иржээ. Энэ мэтчилэн цөмийн технологийн хэрэглээ Монгол Улсад сүүлийн 10 жилд тав дахин нэмэгдсэн байна.
Иймд Цөмийн энергийн газраас бүх төрлийн цацрагт хяналт тавьж, Монгол Улсын хилийн бүх боомт дээр цацрагийн үүсгүүр илрүүлэх хяналтын монитор суулгаж, хэвийн ажиллагааг ханган ажиллаж байгаа талаар дуулгалаа. Өнгөрсөн онд манай улс Олон улсын атомын энергийн агентлаг хоорондын хамтын ажиллагааны ажлын хүрээнд цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжиж буй төслүүдийг 92 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн байна. Мөн тус газрын цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лаборатори нь олон улсын стандартын дагуу итгэмжлэгдэж, импортын хүнсний бүтээгдэхүүн, автомашин, үнсэн блок болон бусад салбарт цацрагийн тунгийн хяналт хийж байгаа юм байна. Н.Батцэрэг салбарын бодлогын хэрэгжилттэй танилцаж, цаашид Цөмийн энергийн газар өөрсдийн хийж буй энэ ажлуудын талаар олон нийтэд зөв ойлголт өгөхөд анхаарч ажиллахыг зөвлөв.
Мөн нийгмийн хөгжлөө дагаад дэлхий дахин нэг замаар хөгжиж байгаа ийм үед бүс нутгийн хөгжилд хөл нийлүүлэн алхахын тулд энэ талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа.
Б.НОМИН