Орц:
Загасны мах-500 гр
Цөцгийн тос: 15 гр
Сармис-4 хумс
Амтат чинжүүний нунтаг-2 гр
Давс-2 гр
Сонгино-1 ш
Орегано-1 гр
Тмин-1 гр
Гашуун улаан чинжүүний нунтаг-1 гр
Хар перец-1 гр
Манго-1 ш
Авокадо-1 ш
Улаан лооль-1 ш
Хийх арга: Манго болон авокадог яс, хальснаас нь цэвэрлэж, шоо хэлбэртэй хэрчинэ. Лоолийг адил хэрчинэ. Зарим хүн авокадог бага зэрэг давстай усанд хийж, хүчлийг нь саармагжуулдаг юм билээ. Үүнээс гадна элсэн чихэртэй усанд хийх нь ч бий. Хэрэв та энэ жимсний хурц амтыг илүүд үздэг бол ингэх шаардлагагүй.
Загасны махыг яс, хальснаас нь салгана. Цөцгийн тос, жигжлэн хэрчсэн сармис, сонгино, чинжүүний нунтаг, давс, орегано, тмин, хар перцийг нэг саванд хийж, сайтар холино. Үүгээрээ загасны махыг хоёр талаас нь тослоод 10 минут болгосны дараа 150 хэм халаасан шарах шүүгээнд 15 минут шараад эргүүлээрэй. Нөгөө талаас нь мөн адил хугацаанд шарна. Галаа ширүүдүүлбэл мах шүүсгүй, аргуу болохыг анхаарна уу. Ингээд бэлэн болсон загасыг шарах шүүгээнээс гаргамагцаа дээр нь жижиг хэрчсэн жимснүүд болон бага зэрэг цөцгийн тос тавьж, тугалган цаасаар бүрээд хэсэг амраана. Энэ үед цөцгийн тосны зөөлөн, мангоны нялуун, авокадоны бага зэрэг хүчиллэг, хурц амт шарсан загасанд шингэж, улам сайхан амттай болгоно.
Энэ хоолны хачрын үүргийг эдгээр жимс гүйцэтгэж байгаа ч, үүнээс гадна чанасан, жигнэсэн төрөл бүрийн ногоо байж болох юм. Бид энэ удаа брюсселийн хэмээх тодотголтой, бага зэрэг гашуун амттай жижигхэн “хөөрхөн” байцааг сонголоо. Энэ байцааны гаднах 2-3 навч нэлээд гашуун байдаг учраас аваад хаячихсан нь дээр. Ингээд бага буцалсан халуун усанд 1-2 минут байлгаад, шүүж аваад хүйтэн усаар зайлна. Ингэсний дараа цөцгийн тосонд 5-7 минут шарж, болгоно. Давсны оронд ореганогоор амталсан нь дээр гэж зөвлөе. Брюссель байцаа манай зарим зах, худалдааны төвд элбэг байгаа.
Бельгийн ургамал судлаачид 1821 онд гаргаж авсан түүхтэй брюссель байцааг хоолны мэргэжилтнүүд “чийгтэй самар” гэдэг. Самар шиг амттай учраас тэр. Мах, ногоо, будаа, гуил гээд бүх төрлийн бүтээгдэхүүнтэй гайхалтай зохицдог.
Аминхүчлүүд, С, В1, В2, А, РР аминдэм, баялаг. Найрлагадаа төмрийн агууламж өндөртэй тул жирэмсэн эхчүүдэд тун чухал. Барууны эрдэмтэд хавдартай хүмүүст энэ байцааг чанаж идэхийг зөвлөдөг аж. Учир нь дархлааг сэргээдэг юм байна.