Нэгэн цагт хоккейн спортын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байсан Оросын баг дундаж хэмжээнд тоглох болсоор удаж байна. В.Быковын үед 2008, 2009 онд дараалан дэлхийн аварга болсныг эс тооцвол “Улаан машин” сүүлийн хориод жилийн хугацаанд олигтой амжилт үзүүлсэнгүй. Харин энэ удаа оросууд нутаг дээрээ болж буй олимпод хоккейчдоо аваргална гэдэгт дэндүү итгэлтэй байлаа. Зарим балиашгууд шигшээ тоглолтын тасалбарыг 6000 мянга гаруй ам.доллараар худалдаж ав сан тухай яриа чих дэлссэн нь үүний илрэл юм.
Яг л Бээжингийн олимпод хятадууд Лю Сянийгаа финалд үлдэнэ гэж тооцоолоод эрэгтэйчүүдийн 110 м-ийн халхалттай гүйлтийн тасалбарыг “шагийн” үнээр булаалцалдан авч байсан шиг. Гэвч Овечкин, Малкин, Дацюк, Ковальчук... нарын супер ододтой ОХУ-ын шигшээ шөвгийн наймд Финландад 1:3-аар дийлдэн, санаснаас эрт тэмцээнээ дуусгасан. Ер нь “Соуми” оросуудын хувьд ташаа таардаггүй, эвгүй өрсөлдөгч. Түүхийн хуудас сөхвөл “Сочи 2014”-өөс өмнө тэд олимпийн наадмын талбарт зургаан удаа таарснаас дөрөвт нь финн үүд хожиж байжээ. Ингээд ОросФинландын өрсөлдөөний тухай толилуулъя.
Финланд-ОХУ 5:0 (1:0, 4:0, 0:0)
Хэсгийн тоглолт. 1994.02.14
Гоол: Лехтинен, Койву, Алатало, Оянен, Кипрусофф
Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөл тугийн дор “Альбервиль 92”-т итгэл төгс түрүүлсэн оросууд Лиллехаммерт анхны хожигдлоо финн үүдээс амсчээ. Тэрчлэн оросууд анх удаа олимпийн наадамд өрсөлдөгч багийнхаа хаалганд нэг ч шайб оруулж чадаагүй байна. Одоо ч энэ тоглолт Оросын хоккейн хамгийн том ялагдалд тооцогддог ажээ.
Финланд-ОХУ 4:0 (2:0, 2:0, 0:0)
Хүрэл медалийн төлөө. 1994.02.26
Гоол: Пало, Алатало, Пелтонен, Стремберг
ОХУ-ын шигшээ хэмээн дуудуулсан анхны олимпдоо медальгүй хоцорлоо. Хэсэгтээ 0:5-аар бутниргүүлсэн Финландад гуравдугаар байрын төлөөх тулаанд дахин “уншуулах” нь тэр. Ийнхүү нэг тэмцээнд “Соуми”-д хоёр дараалан “хуурай” хожигдов.
ОХУ-Финланд 4:3 (1:2, 2:1, 1:0)
Хэсгийн тоглолт. 1998.02.15
Гоол: П.Буре, Немчинов, Яшин, Морозов -Лехтинен, Койву (2)
NHL-ийн шилдэг тоглогчдоороо хүчээ зузаалсан оросууд тоглолтыг тун тааруу эхэлж, дөнгөж 8 дахь минутад 0:2-оор хожигдож явлаа. Харин тактикаа өөрчилсний дүнд тоглолт нь эрс сэргэж, хүчний харьцаа илүү байх үед Павел Буре анхны шайбыг оруулав. Финландтай анх тулгарснаас хойш нийтдээ 2 цаг 13 минут 36 секунд өнгөрсний эцэст анхны гоолоо оруулсан нь энэ. Ингэж нүүр хагарсны дараа дахин хоёр шайбыг дараалан хийсэн ч өрсөлдөгч нь хоёрдугаар үе өндөрлөхтэй зэрэгцэн тоог тэнцүүлэв. Гэвч цаг дуусахаас 3.17 минутын өмнө Алексей Морозов хожлын гоолыг хийжээ.
Финланд-ОХУ 4:7 (0:2, 3:2, 1:3)
Хагас шигшээ. 1998.02.20
Гоол: Хелминин, Ринтанен, Селянне, Койву-Буре (5), Жамнов, Коваленко
Хэцүү өрсөлдөгчтэйгээ тоглох аргаа олсон оросууд Бурегийн хеттрикийн ачаар 21 дэх минутад 3:0-ээр илүүрхэж явав. Хэдий тийм ч шазруун финнүүд ердөө 11-хэн минутын дотор тэнцүүлж дөнгөлөө. Үүнээс удалгүй Жамнов багаа дахин урагш гаргасан ч 45 дахь минутад Саку Койву тооны харьцааг 4:4 болгов. Харин энэ өдөр зогсоогдошгүй байсан Павел Буре дахин хоёрыг хийж, Зөвлөлт-Оросын хоккейн түүхэнд олимпийн наадмын нэг тоглолтод таван гоол оруулсан анхны тоглогч болжээ. Гэхдээ хожлын гоолыг “Оросын пуужин” бус Андрей Коваленко 47 дахь минутад хийсэн юм.
ОХУ-Финланд 1:3 (1:0, 0:2, 0:1)
Хэсгийн тоглолт. 2002.02.18
Гоол: П.Буре-Селянне, Элоранта, Лехтинен
Дөрвөн жилийн өмнө финнүүдийн зүрхэнд орсон Буре дахин “Соуми”- гийн хаалгыг шайбаар мялаасан нь тоглолтын 23 дахь минут байв. Түүнээс нэг их удалгүй Теему Селянне тоог тэнцүүллээ. Харин финнүүдийг дахин хоёр гоол хийхэд хоёрдугаар үеийн төгсгөл, гуравдугаар үеийн эхэн дэх 4 минут 18 секунд хангалттай байлаа.
Финланд-ОХУ 4:0 (1:0, 2:0, 1:0)
Хагас шигшээ. 2006.02.24
Гоол: Пелтонен, Людман, Койву, Йокинен
Шөвгийн наймд Канадын хүчирхэг багийг аргалж дөнгөсөн (2:0)Ковальчук, Овечкин, Дацюк тэргүүтэй оросууд дараагийн даваанд эртний өст финнүүдийг яаж ч чадсангүй. Гурав дахь удаагаа “хуурай” гөвүүлсний дээр тоглолтын үе болгонд хожигдож, бас нэгэн анти амжилт үзүүлжээ.
Финланд-ОХУ 3:1 (2:1, 1:0, 0:0)
Шөвгийн найм. 2014.02.19
Гоол: Аалтонен, Селянне, Грэнланд – Ковальчук
Нутаг дээрээ зохиогдсон олимпийн наадамд Оросын шигшээ анхнаасаа л үлбэгэр тоглолтыг үзүүллээ. Үнэндээ довтолгооны шугамынхан нь гоол оруулах аргаа олохгүй байсаар тэмцээнээ дуусгав. Ядаж байхад хаалгач Варламов нь хаах боломжтой цохилтуудыг алдаж, багаа хөөдсөн юм. Зургаа дахь олимпдоо оролцож буй гандан бууршгүй Теему Селянне энэ тоглолтод нэжгээд гоол, оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.
Р.МАНЛАЙ