Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод суух Ерөнхий консул А.Ц.Доржиевийг хүлээн авч уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр Дэд сайд Д.Ганхуяг Ерөнхий консул А.Ц.Доржиевд Консулын экзекватурыг гардуулж цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Ерөнхий консул А.Ц.Доржиев нь 1958 онд төрсөн. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Багшийн дээд сургуулийг 1979 онд, Оросын Холбооны Улсын Гадаад худалдааны академийг 1997 онд, Дипломатын академийг 2007 онд тус тус дүүргэжээ.
Тэрээр 1998-2002 онд Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны яамнаас Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо суугаа төлөөлөгч, 2002-2005 онд Украйн Улсын Симферополь хотод суугаа Оросын Холбооны Улсын Ерөнхий консул, 2007-2011 оны хооронд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, 2011-2013 онд Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны яамны Азийн газарт ахлах зөвлөх, ерөнхий зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.