.jpg)
Эх орончдын өдөр, МАН байгуулагдсаны 93 жилийн ойг энэ сарын 1-нд тэмдэглэлээ. МАН-ын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Мөн баярын хурал болж, УИХ-ын дэд дарга, МАНын дарга М.Энхболд “МАН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон улс төрийн ууган хүчин. Сөрөг хүчин болсон МАН-ын хувьд улс орны язгуур эрх ашгийг хамгаалахын төлөө, эдийн засаг, нийгмийн амьдралд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө бодлого, чиглэлээ гарган ажиллаж буй хэмээн онцолсон. Түүнчлэн ард түмэн, эх орныхоо төлөө амь биеэ үл огоорон тэмцэж ариун үйлс бүтээсэн, хэлмэгдэж хохирсон эрэлхэг эх орончдынхоо гавьяа зүтгэл, мөнхийн дурсгалыг хүндэтгэн, гишүүд, дэмжигчид, нийт ард түмнийхээ ой дурсамжид сэргээн сануулах нь үйл хэргийг нь үргэлжлүүлэн залгамжлагч бидний зүй ёсны үүрэг, бахархан тэмдэглэх бүрэн эрх гэдгийг тодотгож байлаа.
Энэ өдөр МАН шилдгүүдээ тодруулж, шагнасан. 2013 оны намын шилдэг байгууллагаар Хэнтий аймгийн намын хороо шалгарчээ. Өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар тус аймгийн сонгогчид МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд хамгийн өндөр санал өгсөн нь шилдгээр шалгарах үндэслэл болсон гэнэ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг орон нутагт амжилттай зохион байгуулсан намын байгууллагаар Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Төв, Говьсүмбэр, Булган, Говь-Алтай аймгийн хороод шалгарсан байна. Харин дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай байгууллагаар Дархан-Уул, Өвөрхангай аймгийн хороод тодорсон бол намын бүтээлч байгууллагаар Сэлэнгэ аймаг болон нийслэлийн МАН-ын хороод шалгарчээ. Мөн Улсын тэргүүний намын үүр гучийг шалгаруулж, шагналыг нь гардууллаа.